Путин арлуудаа Японд өгөх сонирхолгүй байна
2019-01-23

ОХУ-ын нийслэл Москва хотноо Японы Ерөнхий сайд Шинзо Абе хүрэлцэн ирж, тус улсын удирдлагуудтай биечлэн уулзсан талаар "TASS" агентлаг мэдээллээ.

 

 

2019 оны олны анхаарлыг хамгийн их татсан ПУТИН-АБЕ нарын уулзалтын үеэр удирдагчид дэлхийн II дайнаас хойш зөрчилдөж буй газар нутгийн маргааны асуудлаар хэлэлцсэн байна. 

 

Ерөнхийлөгч В.Путин өнгөрөгч онд ямар ч болзолгүйгээр Япон улстай найрамдлын гэрээ байгуулах хүсэлтээ илэрхийлсэн ч Япон татгалзсан хариу өгсөн юм. Учир нь ЗХУ-ын цэргүүд дайны дараа япончуудыг эзлэн түрэмгийлж, газар нутгийн нэгээхэн хэсэг болох Курилын арлын ойролцоох дөрвөн арлыг нь хүч түрэмгийлэн булаан авсан гэж үздэг. 

 

Абе, Москва дахь айлчлалаасаа өмнө Токио хотноо "ОХУ-ын эрх баригчид булаан авсан Японы газар нутгийн нэгээхэн хэсэг Курилын олтригийн асар их нефть, загас агнуурын нөөцтэй Итуруп, Кунашир, Шикотан, Хабомаи арлыг эргүүлэн өгөхгүй бол бид найрамдлын гэрээ байгуулахгүй" гэж мэдэгджээ.

 

Удирдагчид найрамдлын гэрээ байгуулах асуудалд нилээн зөрчилж, өөрсдийн байр сууриа хамгаалж байсан ч 1956 онд байгуулсан “Зөвлөлт-Японы хамтарсан тунхаглал”-ын үндсэн дээр энхийн гэрээ байгуулах хэлэлцээг түргэвчлэхээр тохиролцсон байна.

 

Ерөнхийлөгч В.Путин хүндэт зочиндоо хандан "Нэг нэгнийхээ эрх ашгийг хүндэтгэсэн, хамгийн чухал нь ард түмнийхээ хүсэл сонирхолд нийцсэн гэрээ байгуулахыг зорих учиртай" гэж мэдэгджээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин