Найруулагч Б.Баатар агсныг эргэн дурсана
2019-01-23

 

Нэрт найруулагч, Урлагийн гавьяат зүтгэлтэн Б.Баатар агсны гэгээн дурсгалд зориулан энэ сарын 29 өдөр буюу 60 насны төрсөн өдрөөр нь эрхэм хүнийг дурсан "Найруулагч Баатар" хүндэтгэлийн арга хэмжээг УДЭТ-ээс зохион байгуулах гэж байна.

 

Энэ өдөр залуу найруулагчдад дэмжлэг үзүүлэх зорилгоор байгуулагдсан "Баатар найруулагч сан" нээлтээ хийж, Монголын театрын музейд түүний хүрэл баримлыг байршуулах юм. Мөн УДЭТ-т Б.Баатар найруулагчийг дурсах хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах аж.

 

Б.Баатар нь Монголын драмын урлагийн нэрт уран бүтээлч, Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, авьяаслаг найруулагч байсан билээ.

 

Найруулагч Б.Баатар нь 1984 онд Украйны Киев хотын Театр урлагийн дээд сургуулийг драмын найруулагч мэргэжлээр төгсчээ. Тэрээр 1977-1979 онд Теле кино үйлдвэрт туслах найруулагч, 1985-1996 онд Монголын радиод найруулагч, уран сайхны удирдагч, программын зөвлөлийн даргаар, 1999 оноос Улсын драмын эрдмийн театрт ерөнхий найруулагч, найруулагчаар ажилласан юм. 

 

Тэрбээр 1985 онд найруулагч Б.Мөнхдоржтай хамтран “Гургалдайн дуут шөнө” жүжгээ тайзнаа амилуулсан бөгөөд тэр жилдээ найруулагч Г.Доржсамбуутай хамтран “Гарваа” жүжгийг, бие даан “Хүн бүгд би” жүжгийг тус тус тайзнаа тавьжээ. “Харанхуйд харагдахгүй”, “Далан худалч”, “Кармен хүүхэн”, “Ганцхан алхахад уулзана”, “Садар эрийг номхтгосон нь”, “Цахлай”, “Хүйтэн сэнтий”, “Гавал сар”, “Амьгүй албат”, “ Ээжээ”, “Атга нөж”, “Мануухай”, “Эхнэрээ зээлээч”, “Ану хатан”, "Кихот ноён", "Адууны түүх" зэрэг  20 гаруй уран бүтээлийг тайзнаа амилуулж, театрын урын санг баяжуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, Монголын сор болсон уран бүтээлч байсан билээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ЧАМИНЧУЛУУН:
ШУЛУУН ШУДАРГА.ЗОРЬСОНДОО ЗААВАЛ БИЕЛҮҮЛДЭГ.УРАН БҮТЭЭЛЧИДИЙГ ӨӨРӨӨР НЬ ИХ ЗӨВ ТҮЛХҮҮРДДЭГ.ТЭРТЭЭ ОЛОН ЖИЛИЙН ӨМНӨ НАЙРУУЛАГЧ АРМИЙН ТЕАТРТ ЖҮЖИГ ТАВЬЖ БАЙХДАА НАДАД ЗОРИУЛЖ ХЭЛСЭН ҮГ ОДООЧ НАДАД ТЭМДЭГЛЭЭТЭЙ БАЙГАА.ТАНЫГАА ДУРСАЖ ЗАЛЬБАРЧ ЯВДАГ ШҮҮ
2019-01-23