“Жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах” сургалт боллоо
2019-01-28

 

БСШУСЯ, Азийн Хөгжлийн Банкны “Дээд боловсролын шинэчлэлийн төсөл”-ийн хүрээнд дээд боловсролын сургалтын байгууллага, салбарын ажилтан, албан хаагчдад зориулсан “Жендэрийн мэдлэг ойлголтыг сайжруулах” бүсчилсэн сургалтыг Ховд, Дархан-Уул, Дорнод аймагт 2019 оны 1 дүгээр сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгууллаа.

 

Тус сургалт нь салбарын бүх түвшний ажилтан, албан хаагчдын жендэрийн тэгш байдлыг хангах талаарх мэдлэг, чадавхийг сайжруулахыг хангах зорилготой юм. Сургалт хоёр өдөр явагдсан бөгөөд сургалтын эхний өдөр багш нарт, хоёр дахь өдөр нь сургалтын алба, санхүү, хүний нөөц, багшийн хөгжлийн төвийн мэргэжилтнүүд болон удирдлагад зориулж явагдсан. Сургалтад нийт 14 ДБСБ-ын 144 багш, албан хаагч хамрагджээ.

 

Тус сургалтын үр дүнд салбарын удирдах ажилтнуудын жендэрийн тэгш байдлыг хангах үйл явцыг манлайлах чадвар, үүрэг хариуцлага дээшилж салбарын мэргэжилтнүүд ажил үүргийнхээ хүрээнд жендэрийн тэгш байдлын үзэл баримтлалыг нэвтрүүлэх мэдлэг, ур чадварыг эзэмшсэн байна.

 

Сургалтад төслийн хүрээнд боловсруулсан жендэрийн тэгш байдлыг хангах үйл ажиллагааны дүн шинжилгээ судалгааны тайлан, бодлогын зөвлөмж, удирдамж, сургалтын гарын авлага зэрэг 7 багц материалыг ашигласан байна.

 

Сургалт явуулсан сургагч багш нар нь дээрхи 7 багц материалыг боловсруулсан жендэрийн үндэсний шинжээч, ДБСБ-ын багш, профессорууд бөгөөд мөн Жендэрийн талаар баримтлах бодлогыг, төслийн үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд БСШУСЯ-нд дэмжлэг үзүүлэх үүднээс байгуулагдсан Жендэрийн ажлын хэсгийн гишүүд юм.

 

Үргэлжлүүлэн Улаанбаатар хот дахь 6 ДБСБ-ын 48 багш, албан хаагчдад зориулсан 2 өдрийн сургалтыг 2019 оны 2 дугаар сарын 20-21-ны өдрүүдэд зохион байгуулах юм байна. 

 

 

Shuud.mn
Сонин хачин