БНХАУ: "Huawei”-ийн нэр хүндийг санаатайгаар харлуулж байна
2019-01-29

АНУ-ын Засгийн газар өчигдөр БНХАУ-ын харилцаа холбооны "Huawei” компанийг эдийн засгийн хориг арга хэмжээг зөрчих, оюуны өмчид халдсан, санхүүгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэд хэдэн хэрэгт буруутгасан билээ. 

 

 

"Мөн хууль бусаар Ираны талд технологийн өндөр ач холбогдолтой технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гэх  "Huawei”-ийн санхүү хариуцсан захирал Мэн Ванжоуг нийт 23 зүйл ангиар буруутгасан" гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитакер мэдэгдсэн юм. 

 

Дээрх мэдэгдлийн дараахан БНХАУ-ын Гадаад хэргийн яам дургүйцлээ илэрхийлэн, хариу мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. 

 

"АНУ-ын Засаг захиргаа сүүлийн үед Хятадын нөлөө бүхий компаниуд болон тэр тусмаа "Huawei”-ийн нэр хүндэд халдаж, санаатайгаар үйл ажиллагааг нь харлуулахыг санаархаж байна. Та бүхэн нэн даруй хууль бус үйл ажиллагаагаа зогсоож, тайлбар хийхийг шаардаж байна. Энэ мэтээр сөрөг, баримт нотолгоогүй мэдээлэл нийтэд түгээвэл бид хариу арга хэмжээ авахаа сануулъя" гэж  Гадаад хэргийн яамны төлөөлөгч Гэн Шуан мэдэгдлээ. 

 

Мөн тэрбээр АНУ-ын Засгийн газрын хүсэлтээр баригдаад буй Мэн Ванжоуг нэн даруй суллахыг Канадын эрх баригчдаас шаарджээ. 

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрөгч онд  "Huawei” компанийг БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг учир холбоотон орнуудаа тус компанийн төхөөрөмжөөс татгалзахыг уриалсан билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин