Хөрөнгөө мэдүүлээгүй дарга нарыг ажлаас нь халжээ
2019-01-30

АТГ-ын шалгалтаар Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын Захиргаа хариуцсан орлогч дарга Ш.Алтангэрэл, мөн тус газрын Хөрөнгө оруулалт, төлөвлөлт хариуцсан орлогч дарга А.Хаянхярваа нар их хэмжээний хөрөнгөө мэдүүлээгүй нь илэрчээ. Тиймээс хуулийн дагуу тэдэнд хариуцлага тооцож, ажлаас нь чөлөөлөх албан бичиг хүргүүлсэн ч Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газрын удирдлага тэдний цалинг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулсан байна. Энэ нь АТГ-аас хянан шалгаж тогтоосон зөрчлийн дагуу хариуцлагыг тооцоогүй бөгөөд сахилгын шийтгэлийг бууруулж ногдуулсан хэмээн АТГ-аас дахин албан бичиг илгээсэн юм. Энэ дагуу хөрөнгө орлогоо үнэн зөв мэдээлээгүй Ш.Алтангэрэл, А.Хаянхярваа нарыг өчигдөр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна. 

 

Авлигын эсрэг хуулийн 13 дугаар зүйлийн 13.8.4-т Нэг жилийн цалинтай тэнцэх буюу түүнээс их хэмжээний хөрөнгө, орлогыг мэдүүлээгүй, худал мэдүүлсэн, эсхүл хөрөнгө, орлогын мэдүүлгийг гаргаж өгөөгүй, гаргахаас татгалзсан бол албан тушаалаас нь огцруулах буюу ажлаас халах заалттай юм.


М.Болд

 

Shuud.mn
Сонин хачин