Испани агентлагийн зурагчин Венесуэлд сураггүй болжээ
2019-01-31

Хоёр удирдагчтай болоод буй Венесуэл улсад сурвалжлага хийхээр ирсэн Испанийн мэдээллийн "EFE" агентлагт ажилладаг Колумби гэрэл зурагчин Леонардо Муноз сураггүй алга болжээ. Энэ талаар тус агентлаг өөрсдийн албан ёсны "www.efe.com" сайтаараа дамжуулан мэдэгдлээ. 

 

 

Зурагчин өчигдөр 11.00 цагийн үед Каракас хотын Альтамир талбай орчимд байхдаа сураггүй болсон гэнэ. 

 

Венесуэлийн Үндэсний хэвлэлийн ажилтнуудын үйлдвэрчний эвлэл "Гэрэл зурагчныг хүчээр авч явсан. Түүнийг баривчилан, саатуулсан байх магадлал өндөр" гэж мэдэгджээ. 

 

Агентлагийн удирдлагууд өнөөг хүртэл зурагчинтай холбоо барьж чадахгүй байгаа аж. 

 

Венесуэл даяар улс төрийн тогтворгүй байдал үүсч, иргэд олныг хамарсан жагсаал цуглаан зохион байгуулсаар байна. Олон улсын сэтгүүлчид нөхцөл байдлыг дэргэдээс нь сурвалжлахаар Венесуэлд ирсээр байгаа юм.

 

Харин Венесуэлийн тал хэвлэн нийтлэх эрх чөлөөг боомилж, шууд баривчлах арга хэмжээ авч буйд дэлхийн томоохон нэр хүндтэй хэвлэлүүд дургүйцлээ илэрхийлжээ. 

 

Ганцхан долоо хоногийн дотор Каракас хотноо ирсэн Францын “TF1” телевизийн “Quotidien” хөтөлбөрийн хоёр сэтгүүлч, Чилийн Үндэсний телевизийн сэтгүүлч Родриго Переса, оператор Гонсало Бараона нарыг шалтгаангүйгээр баривчилжээ. Тэднийг саяхан Венесуэлээс албадан гаргасан байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин