Битүүлэх үү, Битүүрэх үү
2019-02-04

Цагаан сарын үеэр “би битүүрэх гэж явна”, “сайхан битүүрээрэй”, “сайхан битүүрэв үү“ гэх яриа сонсогддог. Бас “Цагаан сараар манай монголчууд битүүртлээ иддэг заншилтай гээд чи наад гадаадын хүндээ орчуулаад өгөөдөх” гэж дахин дахин шалж, нүүр улайлгана. Тэгвэл “битүүрэх” гэж юу гэсэн үг вэ? Бас цагаан сарын “битүүн” гэдэг нь ямар учиртай үг вэ? Энэ нийтлэл нь эдгээр үгсийн утгыг мөшгих зорилготой, харин одон орон хийгээд зурхайг судлахыг зориогүй юм.

 

 

Я.Цэвэлийн “Монгол хэлний товч тайлбар тольд” “битүүрэх” гэдгийг “бөглөрөх, битүү болох” гэж тайлбарласан байна. Харин “битүүлэх” гэдгийг уг тольд “билгийн улирлын 12-р сарын битүүний оройн цаг, өнгөрөх жилийг үдэж, маргаашийн цагаан сарын шинийн нэгнийг угтах ёс гүйцэтгэх” хэмээн тайлбарласан байна. Мөнөөх тольд “битүүн” гэдгийг “билгийн улирлын сар тутмын гучны өдөр” гэсэн байна.

 

А.Лувсандэндэвийн ерөнхийлөн редакторлосон “Орос-Монгол тольд” “битүүрэх” гэдгийг “закупориваться, засоряться, закрываться” гэж хөрвүүлжээ. Мөн тэрхүү тольд “битүүлэх” гэдгийг “устраивать проводы старого года” гэж хөрвүүлсэн байна. Мөн тэнд “битүүн” гэдгийг “новолуние, канун нового месяца, канун нового года” хэмээн оноосон байна.

 

Б.Базылханы “Монгол-казах тольд” “битүүрэх” гэдгийг “бiтеулену, бiту, бiтiп қалу” (“кончаться, иссякать, пропадать, погибать, быть целым” sozdik.kz/ru/dictionary) гэжээ. Мөнхүү тольд “битүүлэх” гэдгийг “наурыз кешiн белгiлеу” (“шинэ жилийн үдшийг тэмдэглэх”) гэж дөхүүлсэн байна. Мөн тэнд “битүүн” гэдгийг “ай соңы” (“сарын эцэс”) гэсэн байна.

 

Л.Дорждэрэмийн “Монгол-франц тольд” “битүүрэх” гэдгийг “étre bouché, se fermer” (“бөглөрөх, хаалттай болох”) гэж оноожээ. Харин “битүүлэх” гэдгийг “faire un réveillon, réveilloner” (“зул сарыг угтах”) гэж дөхүүлсэн байна.

 

Адем Татлы ерөнхий редактортой “Турк-монгол, монгол-турк тольд” “битүүрэх” гэдгийг “tikanmak, kapanmak” (“бөглөрөх”) гэж оноожээ. Тэр тольд “битүүлэх” гэдгийг “milli bayram öncesi arife gününü kutlamak” (“үндэсний баярын өмнөх өдрийг тэмдэглэх”) гэж хөрвүүлсэн байна. Ийнхүү олон толь бичгээс лавласан нь аль болох олон гэрч баримт татах гэсэн арга юм.

 

Эдгээр толь бичгээс үзвэл цагаан сарыг угтах үдшийг тэмдэглэхийг “битүүлэх” гэдэг юм байна. Харин “битүүрэх” гэж огт хэлдэггүй юм байна. Тэр тусмаа “битүүрэх, битүүртлээ идэх” гэсэн ойлголт огт байхгүй байна. Мөн “битүүн” гэж цагаан сарын өмнөх төдийгүй ер нь сар бүрийн төгсгөлийн хоногийг хэлдэг юм байна.

 

Битүүний үед сар дэлхий ба нарны хооронд оршиж байна. Энэ үед түүний бүх гэрэл туссан тал нь нар руу харж, сүүдэр тал нь дэлхий рүү харах тул сар харагддаггүй. Өөрөөр хэлбэл харанхуй шөнө бид сарыг ялгаж харж чадахгүй. Ийм шөнө битүү харанхуй байдгаас сарны байрлалын энэ хэлбэрийг “битүүн” гэж нэрлэдэг байна

 

Харин сарын эхний үдэш буюу шинийн нэгэнд нарны гэрэл туссан сарны гадаргын өчүүхэн зурвас хэсэг дэлхийд хандсан байх тул нарийхан хавирган сар харагдах аж.

 

Шинийн 15-нд сарны гадаргын нар туссан тал нь бүхлээрээ дэлхийд хандсан байх тул бүтэн дугуй сар харагдана. Сарны энэ үзэгдэх байдлыг “тэргэл” гэх ба тухайн өдрийг ч тэргэл өдөр гэнэ. Шинийн нэгнээс тэргэл хүртэл сарны үзэгдэх байдал арвидсаар байх 14 хоногийг “шинэд” гэх аж. Харин 16-ны өдрөөс битүүн хүртэлх сарны үзэгдэх байдал хомсдсоор байх 14 хоногийг “хуучид” гэдэг байна. Сарны битүүн, шинэд, тэргэл, хуучид гэх энэ байрлалуудыг сарны фаз гэдэг аж. Одон орны шинжлэх ухаанд сарны үзэгдэх байдлаар битүүн, хавирган сар, тал сар, тэргэл гэсэн дөрвөн фазыг ялгадаг байна (slideshare.net/chimgee5568/44-7458955). Эдгээрийг англиар “new moon, crescent, half moon, full moon” гэдэг байна (moonconnection.com/moon_phases.phtml). Э.Вандуй, Ж.Дашдоржийн “Орос-монгол нэр томъёоны тольд” сарны фазыг “сарны үелэл” хэмээн монголчилжээ.

 

Сар Дэлхийг нэг бүтэн тойрох хугацаа 27.33 хоног байдаг. Энэ хугацааг одны сар (Sidereal month) гэдэг. Харин сарны үелэл давтагдах мөчлөг 29.53 хоног байдгийг билгийн сар (Synodic month) гэдэг ажээ (huleg.blog.gogo.mn/read/entry231605). Дорнод Азийн Хятад, Төвд, Монгол зэрэг орнуудын билгийн тооллыг сарны тоолол гэж ярих тохиолдол байдаг нь ташаарал юм. Исламын тоолол дан сарных учраас Рамадан баяр жил бүр 11 хоногоор урагшилсаар жилийн өөр өөр сард тохиодог. Жишээ нь 2006 оны Рамадан 10 сард, 2009 оных 9 сард, 2012 оных 8 сард тохиосон бол 2014 оных 7 сард тохиох юм байна (ru.wikipedia.org/wiki/Рамадан#.D0.A1.D1.80.D0.BE.D0.BA.D0.B8). Харин Монгол болон Бурханы шашинт гүрнүүдийн билгийн тоолол бол нар-сарны хосолсон тоолол (lunisolar calendar) юм байна (Л.Тэрбиш. tsahimurtuu.mn/index.php/component/k2/item/758-монгол-зурхайн-цаглабарын-уламжлал-хийгээд-өнөөгийн-байдлын-талаар-уншигч-танаа-учирлах-нь).

 

Тэгэхээр “битүүн”, “битүүлэх” гэдэг маань огторгуйн үзэгдлийн нэр болохоос, идсэн хоолондоо битүүрэхтэй ямар ч хамаагүй юм байна. Ер нь жилийн эцсийн битүүлэг нь тухайн жилийнхээ бүх битүүний отгоныг тэмдэглэж буй, нэг ёсондоо одон орны баяр гэлтэй. Цагаан сар нь ч жилийн бүх шинэдийн ууганыг тэмдэглэж буй, бас л одон орны баяр гэлтэй. Энэ ч утга учраараа битүүн, цагаан сар нь оюунлаг, билгүүний баяр баймаар. Хүн бүр одон оронч, зурхайч байх албагүй ч битүүндээ үнэхээр сар харагдаж байгаа эсэхийг нэг анзаарчихдаг, цагаан сараар гадаалах үестээ үнэхээр шинийн нэгний сар мөн үү гээд нэг харчихдаг байвал сонирхолтой биш гэж үү?

 

Монголчууд эрт цагаас Азийн өндөр соёл иргэншил бүхий ард түмнүүдтэй алхаа нийлүүлэн оюуны соёлоо хөгжүүлсээр ирсний нэг жишээ нь нар, сар, гараг, оддын хөдөлгөөнийг ажиглан, цаглабар хөтөлж, битүүн, цагаан сар, бусад тэмдэглэлт үйл явдлыг тооцоолон гаргаж, тэмдэглэдэг заншил юм. Бид үүгээрээ оюунлаг талаас нь бахархдаг болмоор байна.

 

Харин ширээн дээрээ нүсэр том ууц тавих, архи сөгнөх нь энэ сайхан баярын гүн утга учирт огт холбогдолгүй мэт. Ууц, өвчүү нь амьтны амьтай холбоотой учраас бахархал баймааргүй. Архи уух нь өөрөө нүгэл биш боловч ухаан харанхуйлснаар чалчаа үг тэргүүтэн арван хар нүглийн суурь боловсорно. Харин цагаан сар маань билиг буянаа хичээх баяр билээ.

 

Өнгөрсөн 30 жилийн хугацаанд үндэснийхээ материаллаг соёлыг сэргээн хөгжүүлсэн маань сайшаалтай. Харин одоо түүнээс ч илүү бахархал болсон оюуны арвин соёлоо сэргээж хөгжүүлэх нь амин чухал хэрэгцээ болоод байна. Бас монгол хэл, монгол соёлоо хайрлаж хүндэтгээд буруу үгээр ярихаа болиуштай. “Битүүрэх” гэсэн даажигнал шиг этгээд яриагаа орхиод “битүүлэх”, “сайхан битүүлсэн үү” гэхчилэн зөв ярьж хэвших нь монгол хэл, соёлоо хайрлаж, хүндэтгэхийн нэгэн шижим болох болов уу?

 

Олхуноуд Н.Гантуяа

 Эх сурвалж: buddha.mn

Shuud.mn
Сонин хачин
Уншигч:
Энэ маш хэрэгтэй мэдээ бичиж мэдээлсэн бна баярлалаа. Бид өөрсдөө зөв үг хэллэгээр ярьж сурах хүүхдүүдээ зөв ярьж сургаж үлдээх нь чухалл.. Энэ доор бичсэн 2 сэхээрэх болтугай, хэн нэшэн юу л гэнэв тэгээл хужаа мужаа гээл далийгаал солиороол явчдаг ийм амьтасыг яалтай.. Мал бол алчихсан хүн дүрстэй малнууд..
2019-02-04
Mongold odoo manj hytadiin uldegdluud l baigaa shd uvgun nertei erliiz
2019-02-04
өвгөн:
ОЛХУНОУД гэдэг Монгол овогийн нэр биш байхаа. Хужаа л байх. Энэ хужаагийн эрлийз хурлийз бүтүүний өдөр өндөг шарж голоо зогоогоод шинийн нэгний өглөө хуурай хар талх амсаад болоо. Мөн олон оновчтой гадаад хэлний толь бичиг шүүвээ .Их л боловсролтой хүн болох гэсэн юм байхдаа. нохойн жогорхой .
2019-02-04