Сүхбаатар аймгийн Дарьганга сумын Шилийн богд, Алтан овоо орчимд 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу шинийн 8-нд нар харахаар 800 гаруй тээврийн хэрэгсэл, 4000 орчим хүн цугларжээ. Туйлшралын нэгээхэн жишээ нь энэ. Заавал Шилийн Богдоос нар харж байж хийморь нь сэргэдэг сэтгэхүйн болоод хийморийн доройтолд орсон монголчууд.
Сүсэг бишрэл, залбирал бодит утгаа алдсан. Харин нэг нэгнийг, хэсэг бүлгийг даган дууриах, туйлшрал болон хувирсан нь бодит үнэн. Тиймдээ ч 4000-улаа Шилийн богдыг зорьж, хийморио сэргээж. Тэгэхдээ мэдээж зүгээр явахгүй, архидан согтуурна. Цагдаагийн байгууллагаас байнгын болон түр постод 24 цагийн турш хяналт, шалгалт хийн ажилласан гэнэ. Хийморио сэргээгчдийн аюулгүй байдлыг хангахын тулд. Хяналт шалгалтын явцад согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийг илрүүлсэн байна. Бас зөвшөөрөлгүй галт зэвсэгтэй явж байсныг илрүүлэн хураажээ. Ямар нэг байдлаар хууль дүрэм зөрчсөн 75 жолоочид хуулийн арга хэмжээ авсныг цагдаагийн байгууллагын албан мэдээнд дурджээ.
Мөн цагдаагаас иргэд, зорчигч нарт сэрэмжлүүлэхэд жолооч нар эрхийн үнэмлэхгүй, согтууруулах ундаа хэрэглэсэн буюу хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх. Мөн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийг баримтлан хурдаа тохируулан хамгаалах бүсээ бүслэж, өөрийн болон гэр бүл, найз нөхдийнхөө аюулгүй байдлыг хангаж явахыг анхааруулж байна.
М.Болд