Илчилж амжаагүй хайрын ЭЗЭД
2019-02-14

 

 

Өнөөдөр гэгээн хайрын баяр өдөр. Энэ өдрийг “Нэг муу ламын үхсэн өдөр маньд ямар хамаа байхав” хэмээн хүлээж авах нэгэн байхад хамгаас эрхэм нандин хүндээ тансаг цэцгийн баглаа бэлэглэж, амтат шоколад хайлуулан хайртдаа барьдаг романтик нэгэн ч бий.

 

Бас хайртай хүндээ зүрх сэтгэлээ илчлэхсэн гэхээс дотроо “асч”, өгөх гэж авсан шоколадаа халаасандаа хайлтал хадгалаад зүрхэндээ хайр дүүрэн ч, зориг дутуу залуу хаа нэгтээ алхаж л яваа даа. Тэдэнд манай сайтын зүгээс гэгээн хайрын баярын өдрөөр хайраа илчлэх боломжийг олгосон юм.

 

Орхиод явсан хайртдаа гомдсон гэнэхэн зүрх, олон өдөр хоногийг хамтдаа өнгөрүүлсэн ч зүрхэлж хэлээгүй догдлол дүүрэн хайрын эзэн бидэнд хандаж, энэ л өдөр зүрх, зориг гарган хайраа илчилж байна.

 

Г.Азжаргал: Эхнэр хүүхдүүд нь “Ирнэ ээ” гээд хүлээж сууна

 

А.Бөхжаргал

Хоёр хүүхдийн ээж Г.Азжаргал гэх бүсгүй ялимгүй зүйлээс маргалдаж, үл ойлголцоод гарч одсон ч эргэж ирээгүй хайртдаа зориулан сэтгэлийн үгээ дамжуулсныг уламжилж байна. Жаахан зүйлээс маргалдсан залуу хосуудын хайр хөрөөгүй харин ч “Буцаад ирнэ ээ” гэсэн буцалсан их хүсэл,

хүлээлтээр дүүрэн байна.

 

“Зургаан жилийн өмнө анх чамтайгаа танилцаад үерхэж байлаа. Тэр үед ийм сайхан хоёр хүүхдийн ээж болно гэж зүүдэлж ч явсангүй. Аав, ээж болоод алдсан зүйл үгүй. Харин ч амьдралаас олон зүйлийг ойлгож, ухаарч чамд үргэлж итгэж зовлон жаргал, баяр гунигтай олон өдрийг хамтдаа өнгөрүүлсэн. Бидэнд муудалцах, эргээд эвлэрэх үе байсан. Муудалцаад салсан ч “Эргээд эхнэр, хүүхдүүд дээрээ хүрээд ирээсэй” хэмээн гэргий, гэгээлэг харцтай бяцхан үрс нь үргэлж хүлээж суугаа шүү. Бидний хэрүүл, маргаанаас илүү хоёр хөөрхөн үр минь бидэнд бий гэдгийг хэзээ ч битгий мартаарай. Чамайгаа би хэнээс ч илүү мэднэ”.

 

/А.Бөхжаргалд чиний жаалхан гэргий Г.Азжаргалаас/

 

А.Бөхжаргалын гэр бүлд хамгийн сайн сайхан, гэгээн  бүхнийг хүсье. Амьдрал сайхан даа. Алаг үрстэйгээ, Азжаргалтайгаа халуун дотноор инээлдэн суух өдөр удахгүй биз ээ.

 

Т.Зулзаяа: Чамтай учраагүй бол...

 

О.Батсайхан

Дараа нь Т.Зулзаяа гэх бүсгүй манай сайтад хандаж, зориг гарган хайртай залуу О.Батсайхандаа сэтгэлээ илчиллээ. Алс хол суугаа амраг хайртаа санасан, ирэх өдрийг нь хүлээн ядан суугаа бүсгүйгээс нь

 

“Чамтай учраагүй байсан бол би мэдэхгүй байсан байх...

 

Хайрлах,хайрлуулах ямар сайхан гэдгийг...

 

Хүмүүс биендээ хэрхэн дасаж дурладаг гэдгийг ухаарахгүй

 

Хамгийн гол нь би чам шиг сайхан хүнийг зөвхөн төсөөлөлдөө мөрөөдөөд  үлдэх байсан байх...

 

Зүсээр биш зүрхээрээ чамтай учирсан юм шүү

 

Эдээр биш сэтгэлээр чамтайгаа ханилах гэж

 

Эгэлгүй тэр өдрийг бидэнд заяажээ” шүлгийг зориулж “Өнөөдөр хамт байж чадаагүй ч, ирээдүйд мянга мянган хайрын баярын өдрийг хамтдаа өнгөрүүлнэ. Хайртай шүү. Чамайгаа маш их санаж байна” хэмээх сэтгэлийн үгээ дайсан юм.

 

Өмнийн цэнхэр говьд ажилдаа хийж суугаа О.Батсайханд Т.Зулзаяа бүсгүйн зориг гарган илчилсэн хайрын үгс таалагдах биз ээ.

 

Т.Соёл-Эрдэнэ танд дурласан нэгэн залуугаас хаяглав

 

Т.Соёл-Эрдэнэ

Мөн нэрээ нууцлахыг хүссэн нэгэн залуу холоос харж, хайрлаж явдаг бүсгүйдээ сэтгэлээ илчилсэн юм. Нэрээ нууцалсан ч түүнд зориулан зохиосон “Хавар билээ” хэмээх хайрын шүлгээс нь түүнийг таних биз ээ. Ингээд Т.Соёл-Эрдэнэ бүсгүйд нууцлаг залуугийн зүгээс хайраа илчилсэн хамгийн гэгээн захидлыг уламжилж байна.

 

“Сайн байна уу. Эгэлхэн агаад даруухан, эрхэмсэг бүсгүй таны энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Өнөөдөр гэгээн хайрыг баярын өдөр тохиож байна. Танд баяр хүргэе. Бас хайр хүргэе...

 

Хэн нэгэнд дасах, дурлах, үргэлж бодох гэдэг хайрын төрөл садан байх гэж би боддог. Нуулгүй хэлэхэд би заримдаа таны тухай гүн бодолд автах юм. Өөрийн тань даруухан төрх, тормогор нүд, эвлэгхэн яриа, нэг тийм зөөлөн инээдийг тань би ер мартаж чадахгүй юм. Зориглоод уулзаж, зориод очихсон гэхээр нэг л болж өгөхгүй юм. Тэгээд энэ баярын өдрийг тохиолдуулан энэхүү сайтаар дамжуулан чин сэтгэлий үгээ захидал, шүлэг болгон хүргэж байна.

 

Гэнэтийн бэлэг таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна. Ажлын амжилт сайн, сайхан бүхнийг, таныг бодож явдаг сэтгэлтэйгээ хамт боогоод илгээлээ. Энэ бол их зориг гарган чин сэтгэлээ илчилсэн захидал юм шүү. Зөвөөр ойлгож ухаалгаар хүлээн аваарай.

 

Хавар билээ

Хаа нэгтээ олж харсан минь

Хачин ихээр догдолсон минь

Хэзээ ч мартагдахгүй чиний дүрийг

Зүрх сэтгэлдээ урласан минь ч

Хавар билээ...

 

Хавар билээ

Харцыг минь зүсэж цоо ширтсэн чинь

Хацраа хонхойлгон хөөрхөн инээсэн чинь

Хэд гурван үг хэлээд хөргөө даруулсан чинь

“Хөөх ямар гоё гараа вэ” хэмээгээд дахин инээсэн чинь

Хавар билээ...

 

Хавар билээ

Ботгон нүдийг чинь мартахгүй гэж

Бороон дундуур норж алхсан минь

Цэцгэн инээдийг чинь мартахгүй гэж

Цэцэрлэгт хүрээлэнд ганцаараа догдолсон минь

Хавар билээ...

 

Хавар билээ

Өр зүрх гижигдсэн өдөр хоногууд өнгөрсөн ч

Өнгө, төрхийг чинь мартаагүй минь

Сар жил, салхи болоод улирсан ч

Сайхан занг тань мартаагүй минь ч

Хавар билээ...

 

Ай хавар болж байна

Ахиад л чи надаар дүүрч

Би чамайг бодлогширох хавар билээ.

Хамгийн гайхамшигтай нь

Чамаас өөр сэтгэл татах нь

Ховор билээ...

 

Танд дурласан нэгэн залуугаас хаяглав. 2019.02.14

 

Монголын бүх дурлалд хосууддаа Гэгээн валентины баярын мэндийг хүргэе.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ханхүү...:
Энэ их аятайхан, сайхан юм... хайраа илчиж амжаагүй залуучуудад боломсж олгосон байна
2019-02-14