Хүүхдийн биед цусархаг тууралт гарвал цаг алдалгүй эмчид ханд
2019-02-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Менингококт буюу бидний хэлж заншсанаар цахилгаан менингит өвчний дэгдэлт нэмэгдэх хандлагатай байгааг мэргэжлийн байгууллагууд анхааруулсаар байна.

 

Сар шинийн баярын амралтын өдрүүдээр Увс аймагт хоёр, Улаанбаатар хотод гурван хүүхэд цахилгаан менингит өвчний халдвараар өвчилжээ. Өнгөрсөн онд гурван тохиолдол бүртгэгдэж байсан бол энэ оны эхний хоёр сард ийнхүү таван тохиолдол бүртгэгдсэн нь дэгдэлт тархах өндөр эрсдэл үүсээд байж болзошгүй юм.

 

Эргэн сануулахад 2017 онд энэ өвчнөөр ой зургаан сартай хүүхэд нас барсан. Улаанбаатар хотын СХД-ийн харьяат 1.6 настай, эмэгтэй. 39 хүртэл халуурсан, хоолонд дургүй болох, бөөлжих, суулгаж, нүдний склер шигүү цус харвалттай үүссэн, хэвлий, өгзөг, гуя, духанд цусархаг, үхжсэн тууралт бүх биеэр гарсан гэх оноштойгоор ХӨСҮТ-д хандсан байдаг. Улмаар өвчтөн эмнэлэгт хандсан  өдрөө нас барсан.

 

Менингококкт халдвар нь амьсгалын замаар дамжин халдварладаг тул дэгдэлт хэлбэрээр тархвал нас баралт өндөртэй өвчин юм. Иймд өвчнийг цаг алдалгүй таньж, эмнэлгийн тусламжийг яаралтай авах нь нэн чухал.

 

Илрэх шинж тэмдгүүд:

 

  • Гэнэт өндөр халуурах

 

  • Цочромтгой болох /хурц гэрэл, дуу чимээ зэрэгт/

 

  • Хүүхэд уйлагнаж ээжийгээ ноолох, гэдэс нь өвдөх /1-2 удаа шингэн суулгах/

 

  • Толгой өвдөх, хоолонд дургүй болох

 

  • Бөөлжих

 

  • Хүзүү хөших, ухаан санаа самуурах

 

  • Бүх биеэр тууралт гарна /Ихэвчлэн хөл, гуяар гарах ба зарим тууралт нь цусархаг шинжтэй болно/

 

Богино хугацаанд хүндэрч, амь нас эрсдэх аюултай өвчин тул шинж тэмдэг илэрмэгц эмчид яаралтай хандахыг Эрүүл мэндийн байгууллагаас анхааруулж байна.

 

Урьдчилан сэргийлэх:

 

Өглөө босоод, орой унтахын өмнө бүлээн ус, сармис, нимбэг, тамедин, царвангийн уусмалын аль нэгээр хоолойг 5-7 хоног зайлж, 10 хоног завсарлан үргэлжлүүлэн зайлна. Нэг удаа зайлахдаа үйлдлийг 5-10 удаа давтан хийнэ.

 

Сармисны уусмал: 500 мл халуун усанд нунтагласан 4-5 хумс сармисыг хийж, хандлаад 5 минутын дараа хоолойг зайлна.

 

Нимбэгний уусмал: 250 мл халуун усанд 1 зүсэм нимбэг хийж хандлаад 5-10 минутын дараа хоолойг зайлна.


Хоёр хувийн содын уусмал: 100 мл бүлээн усанд 2гр сод хийж найруулаад 1 минутын дараа хоолойг зайлна.


Таван хувийн давсны уусмал: 95 мл усанд 5 гр хоолны эсвэл жамц давс хийн найруулаад тэр дариуд нь хоолойг зайлна.


Царвангийн уусмал:  1 л усанд 50 гр царван хийгээд 15-20 минут буцалгаж, шүүгээд 5 л усанд шингэлж хэрэглэнэ.

 

Хамар хоолойн цочмог болон архаг үрэвслийг мэргэжлийн эмчийн заавраар эмчлүүлэх


Хамрын салстыг сонгино, сармисын тосон хандаар арчих.


Витаминаар баялаг аньс, нэрс, чацарган, нохойн хошуу, нимбэгийг хоол хүнсэндээ долоо хоногт 3-4 удаа хэрэглэх.


Өрөө тасалгааг чийгшүүлэх, агааржуулах, өдөр бүр чийгтэй цэвэрлэгээ хийж байх.


Улиралд тохируулан дулаан хувцаслах, хүйтэн сэрүүн үед хүүхдэд малгай ороолт бээлийг заавал өмсүүлэх.


Шаардлагагүй тохиолдолд олон нийтийн газраар явахгүй байх, ялангуяа бага насны хүүхдийг дагуулж явахгүй байх


Хэрэв та болон танай гэр бүлийн хэн нэгэн гэнэт 38 хэмээс дээш өндөр халуурах, толгой, үе мөчөөр хүчтэй өвдөх, хоолонд дургүй болох, ядарч сульдах, бөөлжих, цочромтхой болох, татах, биед нь хүрэх, чанга дуу чимээ, хурц гэрэл зэрэгт цочрох, цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэг илэрвэл цаг алдалгүй харьяа дүүрэг, хорооны өрхийн эрүүл мэндийн төвд хандах хэрэгтэй.  

 

Бага насны хүүхэд ялангуяа 5 хүртэлх насны хүүхдүүд богино хугацаанд маш амархан хүндэрдэг тул хүүхэддээ тавих халамж, анхаарлаа бууруулахгүй байхыг зөвлөж байна.

 

Дэлхийн улс орнуудад менингококкт халдвар жилд дунджаар 500.000-1.200.000 тохиолдол бүртгэгдэж, 50-135 мянган хүн нас бардаг гэсэн судалгаа бий. Манай улсад 1950 оноос хойш менингококкт халдварын гурван удаагийн томоохон дэгдэлт бүртгэгдсэн байдаг.

 

Сүүлийн таван жилд менингококкт халдварын өвчлөл Орхон, Дархан-Уул, Дорнод, Сэлэнгэ, Сүхбаатар, Архангай аймаг болон нийслэл хотод 0-5 хүртэлх насны хүүхдийн дунд бүртгэгджээ. Уг өвчлөл 3-4 дүгээр сар болон 9-11 дүгээр саруудад зонхилон тохиолдож, гол төлөв А, В, С, W135 хүрээний нянгаар үүсгэгдсэн байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин