Трамп амлалтаа биелүүлэхийн тулд ОНЦ БАЙДАЛ зарлалаа
2019-02-18

АНУ-д онц байдал зарлажээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Тэрбумтан Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хууль бус цагаачдыг АНУ-ын “гол аюул заналхийлэл” хэмээж, Цагаан ордны тэргүүн болбол хамгийн түрүүнд “АНУ, Мексикийн хилийн дагуу хана барьж, Латин Америкийн орнуудаас цутгах цагаачдаас эх орноо хамгаална” гэж амлажээ.

 

Трампыг Цагаан ордны тэргүүн болоход уг амлалт голлон нөлөөлсөн гэж шинжээчид үздэг.

 

Уг амлалт өнөөг хүртэл ГАЦААНД оршсоор байгаа ба Трамп хана барих асуудлаас болж, сөрөг хүчин Ардчилсан намынхантай нударга зөрүүлэхэд ойрхон байна.

 

“Цагаачдын урсгалыг зогсооход хоёр улсын хилийн дагуу 3200 км үргэлжлэх бетонон хана сүндэрлүүлэх ба уг хана АНУ-ын үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах болно” гэж Трамп үзэв.

 

Энэхүү ханыг барихад 5.7 тэрбум ам.доллар шаардлагатай аж. Анх Трамп хана барих төсвийг Конгрессээр батлуулахгүйгээр “Мексикийн импортын бараанд өндөр татвар ногдуулж, улмаар хана барих мөнгийг гаргана” гэж байжээ.  Гэхдээ энэ бүхэн Трампын бодсон шиг хялбар байсангүй. Трампын дээрх мэдэгдлийн дараа Мексикийн тэргүүн АНУ-д хийх айлчлалаа цуцалж, дипломат харилцаагаа тасална хэмээн сүрдүүлсэн юм.

 

Ийнхүү шалдаа буусан Трамп хана барих төсвөө батлуулахаар Конгресст хандсан ч сөрөг хүчний хүчтэй эсэргүүцэлтэй тулсан юм. Сөрөг хүчин хана барих төсвийг батлах нь “хүний эрх чөлөө, халдашгүй байдалд заналхийлсэнтэй ижил” хэмээгээд, хориг тавьжээ.

 

Уг хоригоос болж, АНУ-ын Засгийн газрын үйл ажиллагаа түүхэнд байгаагүйгээр олон өдөр ТҮР ЗОГСОЛТ хийлээ.

 

Ямар ч хамаагүй аргаар Трамп гол амлалтаа ажил хэрэг болгохын тулд тэрбээр өнгөрсөн баасан гаригт ОНЦ БАЙДАЛ зарлажээ.

 

“Хууль бус цагаачдыг 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагатай ижил түвшнийх” хэмээгээд, тэрбээр өмнөд хил дээр ОНЦ байдал зарласан тухайгаа олон нийтэд дуулгажээ.

 

Ерөнхийлөгч Трамп “Энэ бол миний хийсэн хамгийн АГУУ зүйл. Би ард түмэн, газар нутгаа хамгаалахын тулд энэхүү хүндхэн шийдвэрийг гаргалаа. Цаг хугацаа биднийг хүлээхгүй. Бидний тайван байдлыг алдагдуулахыг би  хэнд ч зөвшөөрч чадахгүй. Өмнөх Ерөнхийлөгч нар маш олон удаа онц байдал зарлаж байсан. Миний өмнөх Ерөнхийлөгч Барак Обама хамгийн олон удаа онц байдал зарласан. Хууль бус цагаач, дүрвэгсэдтэй хамт АНУ-ыг халдашгүй хилээр хар тамхи, мансууруулах бодис үлэмж хэмжээгээр орж ирж байна” гэж хэлжээ.

 

АНУ-ын Ерөнхийлөгч нар 2001 оноос хойш 57 удаа ОНЦ БАЙДАЛ зарласан байна.

 

 

Тэрбээр ОНЦ БАЙДАЛ зарлахаар төлөвлөж буйгаа өнгөрсөн оноос хойш мэдэгдэж, сөрөг хүчнийг буулт хийхгүй бол, төрийн хямрал хэдэн сар, жилээр үргэлжилж болзошгүйг анхааруулсан юм.

 

Трамп өмнө нь “Сөрөг хүчин намайг басамжилж байна. Би хэзээ ч буулт хийхгүй. Улс даяар онц байдал зарлаж, өөрийн гол амлалтаа биелүүлэхдээ биелүүлнэ. Хэн ч миний төлөвлөгөөөг гацааж бас цуцалж чадахгүй гэдгийг энэ индэр дээрээ хатуухан мэдэгдэж байна. Цагаачид, дүрвэгсэд өдгөө АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээнд хүрлээ. Дотоодын хямралаа шийдвэрлэж чадахгүй, ард түмнээ зовоож буй улс орнуудын төлөө хэдий болтол АНУ хохирох учиртай вэ. Одоо нэгэнт зорилгоо биелүүлэхийн тулд би эцсийн алхмаа хийхээр боллоо” гэж мэдэгджээ.

 

Онц байдлын хүрээнд өмнөд хил рүү олон зуун цэргүүд илгээгдэх гэнэ.

 

Ийнхүү Трамп бүрэн эрхийнхээ хүрээнд бусад төслүүдэд төсөвлөсөн олон тэрбум ам.долларын хөрөнгийг хилийн дагуу хана барих ажилд хуваарилах боломжтой боллоо. 

 

“Онц байдал зарлах тухай” Дональд Трампын шийдвэрийн дараахан Конгрессын хоёр танхим хоёулаа Засгийн газрын үйл ажиллагаа саатахаас сэргийлэх төсвийг баталжээ. Энэ төсөлд хилийн дагуу хана барих санхүүжилтийг тусгасан ч Трампын шаардсан хэмжээнээс хавьгүй бага мөнгө буюу 1.37 тэрбум ам.доллар суулгасан аж. Трамп 5.7 тэрбум ам.долларын санхүүжилт батлуулахаар зорьж буй юм. 333 тэрбум ам.доллараар хэмжигдэх төсвийн төсөл дээр Трамп гарын үсэг зурж баталгаажуулахгүй бол  Засгийн газар дахин ТҮР ЗОГСОХ эрсдэлтэй.

 

Конгрессын доод танхим буюу Төлөөлөгчдийн танхимын олонх болсон Нанси Пелоси тэргүүтэй Ардчилсан намынхан “Ерөнхийлөгч Трамп эрх мэдлээ урвуулан ашиглаж, онц байдал зарлалаа. Энэ бол хууль бус үйлдэл. Түүний үзэж буйгаар цагаачид АНУ-ын Үндэсний аюулгүй байдалд заналхийлэх хэмжээний том асуудал биш. Тэрбээр улс орноо бус зөвхөн сонгуулийн үеэр амласан амлалтаа биелүүлэх гэж улангарсан бух шиг аашилж байна. Хана барих асуудал онц байдал зарлах хэмжээний томоохон асуудал биш” гэж хэлжээ.

 

Сөрөг хүчнээс гадна эрх баригч Бүгд Найрамдах намын зарим сенатор Ерөнхийлөгчийнхөө шийдвэрийг эрс буруутгасан байна.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин