Гуайдогийн АНУ-аас гуйсан гуйлгыг Венесуэлд нэвтрүүлэхгүй
2019-02-18

Хоёр Ерөнхийлөгчтэй болоод буй Венесуэл улсын нөхцөл байдал өдрөөс өдөрт муудаж, иргэд хүндхэн нөхцөлд амьдарсаар байна. 

 

 

Тус улсад иргэний дайн үүсэх өндөр эрсдэлтэй байгааг АНУ-ын эрх баригчид сануулж, энэ бүх хямралыг зогсоохын тулд эхний ээлжинд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээ Вашингтон амласан. 

 

Гэхдээ сөрөг хүчний тэргүүн Хуан Гуайдог Венесуэлийн Ерөнхийлөгч хэмээн хүлээн зөвшөөрөөд буй АНУ-ын тусламжийг авахгүй гэдгээ Ерөнхийлөгч Николас Мадуро мэдэгдсэн юм.

 

Түүний хүсэлтийг үл тоон өчигдөр олон тонн хүмүүнлэгийн ачаа, бараа тээвэрлэсэн АНУ-ын агаарын нисэх хүчний онгоц Венесуэлтэй хил залгаа Колумбын Кукута хотноо амжилттай газарджээ. 

 

АНУ дээрх тусламжийг "Хуан Гуайдогийн хүсэлтээр илгээсэн" гэж Цагаан ордон уламжлав. "Сайн дурынхан эцсийн байдлаар энэ сарын 23-ны өдөр гэхэд энэхүү хүмүүнлэгийн тусламжийг хил давуулах болно" гэж Гуайдо мэдэгдлээ. 

 

Дээрх тусламжийг ирэхээс урьтаж, Мадуро олон тооны цэргээ тус бүсэд байршуулаад буй юм. Учир нь дээрх тусламж хүмүүнлэгийн бус Гуайдог хамгаалах зэр зэвсэг хэмээн Мадуро үзэж байна. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин