Нөхөн сонгууль угтсан "намын бодлого"
2019-02-19

УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль зарлагдаж, СЕХ сонгуулийн цаг хугацааны хуваарийг гаргаад байна. Тиймээс намууд нөхөн сонгуулийн бэлтгэл ажлаа хийж, нэр дэвшигчээ тодруулах, тойргийн сонгогчдыг тандах гээд түмэн завгүй байгаа биз. Хэнтий аймгийн сонгуулийн 42 дугаар тойрогт  өнгөрсөн зунаас улс төрийн намууд, горилогчдын хөдөлгөөн тасраагүй.  Намрын чуулганаар УИХ-ын нөхөн сонгуулийн товыг зарласантай зэрэгцээд горилогчид дахин Хэнтийг зорьцгоож байгаа нь лавтай.

 

Харин эрх баригч хүчний хувьд тус тойрогт хэнийг нэр дэвшүүлэх талаарх судалгаа тандалтаа тогтмол явуулж, бэлтгэлээ ч базаасан гэж ажиглагчид үзэж байгаа. Намрын чуулганаар УИХ-ын нөхөн сонгуулийн товыг тогтоох төслийг хэлэлцэхэд АН-ын гишүүн Б.Пүрэвдорж “Хэнтийн нөхөн сонгуульд МАН-ын дарга У.Хүрэлсүхийг манай намын захын гишүүн нэр дэвшээд ялна” гэж ам бардам дуугарч, басхүү эрх баригч хүчний удирдагчийг басах, хатгах зэрэгцүүлэн өдөж байна лээ. Уг нь УИХ-ын 2016 оны УИХ-ын сонгуулиар 42 дугаар тойргийн сонгогчид МАН-аас нэр дэвшигч Д.Гантулгыг төрд төлөөллөөрөө сонгосон ч итгэл алдаж, эрүүгийн хэрэгт шалгагдаад явж байгаа. Тиймээс тус тойргийн сонгогчид дараагийн удаад дахин МАН-аас нэр дэвшигчийг, тэр дундаа эрх баригч хүчний төлөөллөөс сонголтоо хийх магадлал тун бага.  Магадгүй, сөрөг хүчний тус тойрогт явуулсан тандалт,  судалгаагаар эрх  баригч хүчний рейтенг доогуур гарсан байх талтай. Ер нь ямар ч улс  төрийн хүчин эрх барьж байх үедээ “муу нэр, луу данстай” байдаг.

 

Тэр дундаа бүрэн эрхийн хугацаа нь дуусгавар болох сүүлийн жил рүүгээ дөхөж байгаа энэ үед эдийн засгийн хямралыг тогтоож, өсөлт рүү чиглүүлсэн ч иргэдийн амьжиргаа дээшлээгүй, бүтээн байгуулалтын томоохон ажлыг өрнүүлээгүй байгаа МАН-д энэ удаагийн УИХ-ын нөхөн сонгууль халтай, халгаатай асуудал болоод байгаа. Парламентын бүрэн эрхээ 65 суудалтай эхлүүлээд, нэг суудлаа алдсан үзүүлэлттэй дараагийн сонгуульдаа орохыг үгүйсгэхгүй. Хэдийгээр нэг суудлаа алдах нь МАН-д харшлаад байхгүй ч сайшаах зүйл бас биш.

 

Дээр нь эрх мэдлээ булаалцалдсан МАН-ын хагарал энэ удаагийн нөхөн сонгууль байтугай ирэх 2020 оны УИХ-ын сонгуульд амжилттай оролцоход сөргөөр нөлөөлөх талтай.

 

Өнгөрсөн намрын чуулганаар УИХ-ын даргыг огцруулж, шинэ даргаа сонгоод байгаа эрх баригч хүчин идэр есийн хүйтэн нийслэлийн Засаг даргыг чөлөөлж, хаврын тэргүүн сар гараад байхад орны хүнийг томилж чадаагүй, бүлэглэл хоорондын зөрчил, тэмцлээ үргэлжлүүлсээр байна.

 

Тодруулбал, НИТХ-аас нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшигч С.Мөнхчулуун төлөөлөгчдийн олонхийн санал авсан. НИТХ-аас С.Мөнхчулууныг нийслэлийн Засаг дарга батламжуулахаар хүргүүлсэн албан бичигт Ерөнхий сайд сарын дараа татгалзсан хариу өглөө. Өөрөөр хэлбэл, эрх баригч хүчний хагарлаас болж улсын хүн амын нь гуравны нэг оршин суудаг нийслэл хот  сар гаруй хугацаанд даргагүйгээр явж байна. Цаашлаад намын дүрмийг зөрчсөн үндэслэлээр С.Мөнхчулуун, НИТХ-ын дарга асан Ц.Сандуй нарыг МАН-ын гишүүнчлэлээс түдгэлзүүлэхээр Хяналтын хороо  нь шийдвэрлэжээ. “Гишүүнчлэлээс түдгэлзүүлсэн” гэдэг нь “намаас хөөсөн” гэдэгтэй агаар нэгэн. Тиймээс нийслэлийн Засаг даргад дахин өрсөлдөнө хэмээж байсан С.Мөнхчулууны нэр дэвших эрх хязгаарлагдахыг үгүйсгэхгүй. Ц.Сандуйг “60 тэрбум”-ын асуудлаар, С.Мөнхчулууныг “хамаарал бүхий этгээдүүд нь ёс зүйгүй авирладаг, тэр дундаа намын бодлогыг зөрчиж, нийслэлийн Засаг дарга нэрээ дэвшүүлсэн” гэх үндэслэлүүд намын гишүүнчлэлээс түдгэлзүүлэх үндэслэлд багтжээ. Гэхдээ тээр жилийн сонгуулиар “60 тэрбум”-ын асуудал намын бодлогод байсныг хэн ч үгүйсгэхгүй биз. Хэдийгээр МАН-аас албан мэдээлэл хийгээгүй ч С.Мөнхчулуун "ноосоо тушааж, намаасаа гарсан"-аа цахим хуудсандаа жиргэсэн байна. 

 

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшүүлэх асуудлыг НИТХ хуулийн дагуу 15 хоногийн дотор хэлэлцэн шийдвэрлэнэ. Ерөнхий сайд нэр дэвшигчийг дахин буцаахгүйгээр батламжлах зохицуулалттай. Хэрвээ энэ удаад намаас бодлого хэрэгжвэл Ерөнхий сайд нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг шууд батламжилна. Бодлогоос гадуурх эрхэм олонхийн санал авбал буцаах зохицуулалтгүй, батламжлагдаагүй албан бичиг Ерөнхий сайдын ширээн дээр хэр удаан хав дарагдахыг таашгүй. Гэхдээ энэ удаад намын бодлогыг хэрэгжүүлэх үүргээ НИТХ ягштал биелүүлнэ биз.

 

Нийслэлийн Засаг даргын томилгоогоос гадна нөхөн сонгуульд  эрх баригч хүчнээс нэр дэвшигчийг өрсөлдөх хүчнүүд байтугай нийгэм анхааралтай ажиглаж, хүлээж байгаа. Тэр дундаа МАН-ын даргыг нэр дэвшүүлэн өрсөлдүүлэх нийгмийн шаардлага ч бий  гэж болно. Гэвч МАН-ын дарга У.Хүрэлсүх хийгээд намын аппаратынхан энэ асуудлаар ганц үг ган хийдэггүй, “судалгаа, таналт хийж байгаа” гэж өнгөрсөн намар намын генсек жижүүрийн хариулт байсан.

 

Нэгэнтээ төрийн ажил МАН-ын бодлогоор хэрэгжиж байгаа энэ үед МАН-ын дарга У.Хүрэлсүх парламентын гаднаас бус дотроос нь удирдахаар нөхөн сонгуульд өрсөлдөхийг нийгэм шаардаж байгаа. Гэсэн хэдий ч  энэ бүхэн намын бодлогоор шийдэгдэнэ.

 

Ямартай ч нөхөн сонгууль угтсан "намын бодлого" ямар рецианоритай явагдахыг ажиглацгааж л байя.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
Би ч гэсэн Ман аас гарна. Энэ нам цаашид явахрүй
2019-02-19