АНУ, 6G технологийг нэвтрүүлэхгүй бол хоцрогдох аюултай байна
2019-02-22

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп технологийн крмпанийн удирдлагуудад хандан аль болох хурдан "6G" технологийг зах зээлд нэвтрүүлэхийг уриалсан талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тэрбээр твиттер хуудастаа "АНУ "5G" төдийгүй "6G" технологийг ойрын хугацаанд нэвтрүүлэхгүй бол өрсөлдөгч нараасаа хоцрох, улмаар мэдээлэл технологийн салбар дахь байр сууриа алдах эрсдэлтэй байна" гэж жиргэжээ. 

 

"Америкийн компанидуд уг технологийг хөгжүүлэхэд тодорхой хугацаа шаардлагатай гэдгийг сайн ойлгож байна. Гэхдээ бид нэг алхмын өмнө "6G" технологийг нэвтрүүлэх хэрэгтэй. Шаардлага, хэрэгцээ өдөр бүр тэлсээр буй. Та бүхэн хүчин чармайлтаа нэмэгдүүлэхгүй бол хоцрогдох аюултай. Бид хийж буй ажил тэр тусмаа технологийн салбарт ТЭРГҮҮЛЭГЧ байх учиртай" гэж Трамп мэдэгдэв. 

 

"6G" технологи одоогоор тодорхойгүй байна. Харин 2030 оноос хэрэгжиж, ажил хэрэг болж магадгүй гэнэ. 

 

БНХАУ-ын мэдээлэл технологийн “Huawei” компани олон улсад  тэргүүлэгч, сүүлийн 10 гаруй жил  хөгжүүлж буй “5G” технологийн гол нийлүүлэгч юм. 

 

"Шинэ системийг Европын орнуудда нийлүүлэхэд “Huawei” гол үүрэг гүйцэтгэх төлөвтэй байгаа нь Трампын сэтгэлийг түгшээж буй нь тодорхой" гэж "CNN" агентлаг мэдээллээ. 

 

АНУ-ын эрх баригчид “Huawei”-ын Засгийн газартай нягт холбоотой ажилладаг улмаар тагнуулын зорилгоор үйл ажиллагаа явуулдаг хэмээн буруутгаж, олон улсыг тус компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалсан юм.

 

Мөн өнгөрөгч онд тус компанийн санхүү эрхэлсэн захирал Мэн Ванжоуг эдийн засгийн хориг арга хэмжээ зөрчиж, Ираны талд технологийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн хэмээн буруутгасан билээ. Канадын тал АНУ-ын Засгийг газрын хүсэлтээр түүнийг Ванкувор хотоос баривчилжээ. Хэрвээ хатагтай Ванжоу эдийн засгийн хориг зөрчсөн нь тогтоогдвол 30 хүртлэх жилийн ял авч болзошгүй. 

 

"Huawei”-ын компанийн үүсгэн байгуулагч Рэн Жэнфэй саяхан "ВВС" агентлагт ярилцлага өгөх үеэрээ "АНУ-ын эрх баригчдын зохиосон үлгэр манай компанийг сөгдүүлж чадахгүй" гэж анхааруулсан юм. "Huawei” компанитай холбоотой бүх дуулианыг АНУ санаатай зохион байгуулсан" хэмээн Рэн Жэнфэй  ярилцлагынхаа үеэр онцолжээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин