Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдээ хамгаалж МҮХАҮТ дуугарах ёстой
2019-02-25

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгчийн сунгаа энэ сарын 28-нд болно. Энэ тухай яриа газар авч, нэр дэвшигчид эхнээсээ илж болж байгаа энэ цаг үед МҮХАҮТ гэх байгууллагын ажил үүргийг  нэхэн  сануулъя.

 

МҮХАҮТ бол Монголын худалдаа, үйлдвэрлэлийг дэлхийд таниулах учиртай байгууллага. Гэтэл МҮХАҮТ гэх “том” байгууллага жижиг бизнес эрхлэгчдэд ямар ч дэмжлэг үзүүлдэггүй тул тэд ч танхим дээр очихоо больсон гэж олноороо ярьдаг. Үнэхээр танхим томчуудтайгаа харьцаад жижгүүдээ хаясан уу? Танхим ямар ажил хийдэг вэ?

 

Бизнесийн орчныг сайжруулахад бизнес эрхлэгчдийн оролцоог хангах, төр хувийн хэвшлийн хэлэлцлийн тогтолцоог бүрдүүлэх зорилготой байгууллага аж. Бас гишүүд ба бизнес эрхлэгчдэд зах зээлээ өргөжүүлэх, өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэхэд нь бүх талаар дэмжлэг үзүүлэх, урамшуулах эрхэм зорилготой гэнэ. Гэтэл олонхи компани танхимын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа хэлж байна. Манай бизнес эрхлэгчдийн хувьд хөрөнгө оруулалтын асуудал чухлаар тавигддаг. Хөрөнгө оруулалт, санхүүжилт босгохын тулд банкны маш өндөр хүүтэй зээлээр бизнесээ эхлүүлж байна.

 

МҮХАҮТ сүүлийн 4 жил зогсонги байдалд байсан гэдгийг бизнес эрхлэгчид хэлдэг. Татвар төлөгчийн эрх хаана байна, хэн ч үүн дээр дуугараагүй атал тун саяхнаас “Татвар төлөхөө больцгооё” хэмээн уриалж байх юм. Яахав, нээрэн татвар төлөхөө байчихвал сайн л байна. Тэгтэл татвараа төлөөгүй гээд акт тавьбал яах вэ, өмнөөс нь хэн хариуцлага хүлээх вэ. 

 

Жинхэнэ ЖДҮ эрхлэгчдийг дэмжих ёстой байгууллага ЖДҮХС-ийн зээл хэрхэн завхарч, хэнд очсон талаар нэг ч үг дуугарсангүй. Тун саяхан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Б.Лхагважав “ЖДҮ авсан УИХ-ын гишүүд тайван унтаж болохгүй шүү. МҮХАҮТ-аас бизнесийн орчинг хамгаалж та нарыг шүүхэд өгнө” хэмээв. ЖДҮХС-ийн зээлийн асуудал эд ил болж толгойтой бүхэн бухимдаж байхад танхим таг л байсан. Гэтэл танхимын ерөнхийлөгчийн сонгууль болоход ганц, нэгхэн хоног үлдсэн энэ үед тэр ингэж ярих нь учиртай биз.

 

Төр нь дэмждэггүй юм гэхэд танхим жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих ёстой. МҮХАҮТ гэдэг том байгууллага хүсвэл бизнес эрхлэгчдийнхээ эрх ашгийг хамгаалж ажиллаж чадна. МҮХАҮТ-аас ЖДҮ-ийн зээлийг банкаар дамжуулан, төр хувийн хэвшлийн оролцоог дээд зэргээр хангаж, нийтэд ил тод болгох нь зүйтэй гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлээд байгаа аж.

 

ЖДҮХС-ийн зээл хүрэх ёстой эзэддээ хүрсэн бол жинхнээсээ жижиг дунд үйлдвэрлэл хөгжих байсан гэдгийг “бор” бизнеэс эрхлэгчид хэлж байна. Үйлдвэрлэгчид хийж чаддаггүй биш, хийдэг. Гагцхүү дэмжлэг л хэрэгтэй байгааг хаа хаанаа учирласаар ирсэн. 

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Хамгийн сүүлийн жишээ БНХАУ-аас сэлбэг, хэрэгслийг нь цуглуулж ирж угсарчихаад автобус үйлдвэрлэсэн тухай баахан шүүмжилсэн. Үйлдвэрлэсэн үү, угсарсан уу гэдэгт хариулт хайж өмнө нь “Монгол машин байгууламж” ХХК-аас сурвалжлага бэлтгэсэн удаатай.

 

Тухайн үед үйлдвэрийн дарга М.Гэрэлчулуун “Монголд төмөрлөгийн үйлдвэр хөгжөөгүй учраас дотооддоо квадрат төмөр л хийж чадахгүй байна шүү дээ. Дарханы төмөрлөгийн үйлдвэр зөвхөн арматур төмөр л хийж байна. Монголд төмрийн үйлдвэрлэл хөгжөөгүй байгаа учраас төмрүүдийг гаднаас авч байна. Монголд жижиг дунд үйлдвэрлэл хөгжих хэрэгтэй байна. Тэгвэл бид заавал гадаадаас төмөр авах хэрэгцээ алга. Монголчууд бие биндээ урам өгөөд эх орон ч худалдан авалт хийгээд эхэлбэл үйлдвэрлэл хөгжихөд бэлэн байна” хэмээж байсан.

 

Төмрийг нь дотооддоо үйлдвэрлэдэг байсан бол улсаасаа л авч, улсдаа бүтээгээд нүүр бардам “Бид үйлдвэрлэсэн” гээд зогсож байх байсныг тэр хэлсэн. Нээрэн ч тийм биз. Төмөрлөгийн үйлдвэрлэлээ дэмжээд өгвөл Монголчууд өнөөдөр өөрсдөө автобусаа үйлдвэрлэхэд бэлэн аж.

 

Харамсалтай нь дэмжлэг, хөрөнгө оруулалт хэрэгтэй эзэндээ хүрэхгүй байгаа тул ЖДҮ хөгжихгүй байна.

 

Энэ мэтчилэн олон залуус санаа нь байвч санхүү нь байхгүй учраас “мөрөөдлөө” унтраасан. Гэтэл Засгийн газраас байгуулсан ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн нэн хөнгөлөлттэй зээлийг эрх мэдэлтэй, албан тушаалтнууд олноороо авсан нь ил болж, зээл хүсээд ч авч чадаагүй иргэдийн урмыг хугалсан.

 

Үүнд МҮХАҮТ одоо биш урьтаж дугарах ёстой байв. Тэгээд жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүжилт авахад тусалж бизнесийн орчинг нь хамгаалах ёстой байсан. Гэтэл амаа “үдүүлсэн” мэт таг дуугүй байсан хэр нь сонгууль дөхсөн энэ үед ам нээх нь хачирхам.

 

ЖДҮ эрхлэгчдийг Төр дэмждэггүй юм гэхэд танхим дэмжих ёстой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
зочин:
Ойлгомжтой зүйл. Төр өөрөөсөө ачаагаа зайлуулж, ТББ-р бүх төсөл хөтөлбөр явуулахад хохирол бага амсана. Тэнэг 76 үхэр үүнийг сэтгэх чадваргүй
2019-02-25
Зочин:
Албан тушаал, алт мөнгөний төлөө нэг намаас нөгөөд урваж явдаг худлаа шоучин Лхгаважав гэгч шар шувуунаас салах цаг болсоон.
2019-02-25