БНХАУ: Австралид тавьсан нүүрсний ХОРИГОО сунгана
2019-02-25

БНХАУ болон Австралийн дунд үүсээд буй зөрчилдөөний талаар “www.abc.net.au” сайт мэдээллээ.

 

 

БНХАУ-ын Засгийн газар саяхан Австралиас нүүрс импортолдог гол шугам болох Далиан боомтоо тодорхойгүй хугацаагаар хаасан нь нүүрсний зах зээлд тодорхойгүй байдал үүсгэсэн билээ.

 

Олон жил тогтвортой худалдаа наймаа хийсэн хоёр улсын харилцаа гэнэт хөндийрлөө. БНХАУ Австралиас зайгаа барьж, худалдааны өөр түнштэй нууц хэлэлцээр хийж буй гэх шуум Австралийн эрх баригчдын сэтгэлийг түгшээх болжээ.

 

Үйл ажиллагаагаа зогсоогоод буй Далианы боомтоор Австралиас жилд 12 сая тонн коксжих нүүрс экспортлох квоттой аж. Австрали улс БНХАУ-ын нүүрсний импортын 44 хувийг нийлүүлдэг ба Австрали жилд 64 тэрбум ам.долларын ашиг хүртдэг.

 

БНХАУ-ын хамгийн том коксжих нүүрс импортлогч орон нь Австралиас гадна Монгол Улс юм.

 

Австралийн уул уурхайн салбарынхан дээрх шийдвэрийг “нэг талыг барьсан улс төрийн шийдвэр байна” гэж буруутгажээ.

 

Хэсэг чимээгүй байсан Австралийн Засгийн газар “Далиан боомтоо хаасан мэдэгдэл албан ёсоор баталгаажаагүй. Австрали олон улсын нүүрсний зах зээлд ТЭРГҮҮЛЭГЧ байр сууриа хадгалсаар байна” гэж мэдэгдлээ.

 

Дээрх дуулиантай зэрэгцэн “БНХАУ Австралийн нүүрсний импортод тавьсан хоригоо сунгахаар боллоо” гэх мэдээлэл дэлхийн томоохон хэвлэлээр цацагдах болжээ. Уг мэдээллийг Австралийн Сангийн сайд Жош Фрайденберг эрс үгүйсгэсэн байна.

 

Сайд “Нэг талыг барьсан дүгнэлт хийх хэрэггүй. Далиан тэргүүтэй БНХАУ-ын боомтуудад Австралиас ирсэн нүүрсийг нэвтрүүлэхгүй байгаа гэх мэдээлэл баталгаагүй. БНХАУ-аас албан ёсоор мэдэгдэл ирээгүй. БНХАУ, Австралийн хоорондын худалдаанд ноцтой асуудал үүсээгүй” гэж мэдэгдлээ.

 

 

Хэвлэлээр цацагдаж буй мэдээлэлд “БНХАУ-ын эрх баригчид 2019 оны хоёрдугаар сарын 1-нээс эхлэн 40 хоногийн хугацаанд Австралийн нүүрсийг хил нэвтрүүлэхгүй байх хориг тавив. Шаардлагатай гэж үзвэл уг хоригийн хугацааг сунгах болно” гэж бичжээ.

 

БНХАУ гэнэт л хаврын тэнгэр шиг аашлах болсон  нь технологийн “Huawei” компанийг тойрсон дуулиантай холбоотой гэж ажиглагчид үзэж байна.

 

АНУ-ын тал “Huawei”-ийг олон улсаас шахах бодлого баримталж буй нь нууц байхаа больсон.  Тус улс холбоотон орнуудаа тус компанийн бүтээгдэхүүнээс татгалзахыг уриалжээ. Учир нь “Huawei”-ийн удирдлагууд БНХАУ-ын Засгийн газартай нягт холбоотой ажиллаж, олон улсад тархан тагнуул хийдэг хэмээн буруутгав.

 

АНУ-ын сэрэмжлүүлгийг хүлээн авч, Австрали улс 2018 оноос “5G” сүлжээний аюулгүй байдлаа хангахын тулд “Huawei”-ийн эсрэг хориг тавьсан юм. Тухайн үед Австралийн эрх баригчид “Huawei”-аас болгоомжлох цаг ирсэн” гэж мэдэгджээ. Тиймдээ ч Австралийн Засгийн газар нүүрсний импортын хориг нь “Huawei”-тэй холбоотой байж болзошгүй гэлээ.

 

“БНХАУ-ын нүүрсний импортын хориг дан ганц Австралийг чиглээгүй. Энэ бол утгагүй дүгнэлт” гэж Бээжин дуугарав.

 

Хоёр улсын дунд маргаан үүсгээд буй нүүрсний импортын хоригийн талаар БНХАУ-ын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч “Байгаль орчныг хамгаалах зорилгоор нүүрсний импортод хяналт тавьж байна” гэж мэдэгджээ. Гэхдээ Австралийг гол байгаа болгож, хориг тавьсан уу гэх асуудалд яам хариу өгөөгүй байна.

 

БНХАУ зөвхөн Австралийг ОНИЛСОН гэдэгт тус улс эргэлзэхгүй буйгаа илэрхийлжээ. Учир нь БНХАУ-ын тал Австралиас гадна ОХУ, Индонез, Монгол Улсаас нүүрс авдаг. Тухайн улсуудын нүүрсний импортдоо хориг тавихгүй байна.

 

БНХАУ өнгөрөгч онд Австралиас 89 сая тонн нүүрс импортлон авчээ. Далианы боомтын тухайд Австралийн нүүрсний экспортын ердөө хоёр хувийг хүлээн авч нэвтрүүлдэг цэг гэнэ.

 

Далиан боомт хаагдсан ч “Австралид дарамт болохгүй” хэмээн албанхан ярьсан ч өдгөө ам.доллартай харьцах австрали долларын ханш 70 цент болж, буурчээ.

 

Австралид үерийн гамшиг нүүрлэж, дэлхийн нүүрсний зах зээлийн тэргүүлэгч “Glencore” компанийн хамгийн том нүүрсний орд газрууд болох “Collinsville” болон “Newlands”-ийг түр хугацаагаар хаасан билээ. Үер тус улсад 300 сая ам.долларын хохирол учруулжээ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хятад нүүрсний хориг тавилаа гээд австрали улс хохирол амсахгүй. Монгол мэтийн эдийн засаг нүүрснээс хамааралтай улс хохирох байх.
2019-02-25
Яг ийм алтан үеийг алдалгүй урт хугацааны ашигтай гэрээ хийж, төмөр замаа яаралтай барьсан нь дээр шүү. Төрийн тэргүүн Баттулга маань тэр олон жилийн өмнө төмөр зам барьчихгүй яавдаа.
2019-02-25
Зочин:
ДЭЛХИЙН БҮХ УЛС ОРНУУД ХЯТАДАД БАРААГАА НИЙЛҮҮЛЭХ ГЭЖ ӨРСӨЛДӨЖ БАЙНА. ХЯТАДТАЙ МУУДАЛЦВАЛ ХЭРХЭН ХОХИРДГИЙГ АВСТРАЛЫН ЖИШЭЭ БИДЭНД ХАРУУЛЛАА. БУРХНААС ЗАЯАСАН ХҮЧИРХЭГ ХӨРШТЭЙГӨӨ ЭВТЭЙ БАЙЖ БИД ХӨГЖИХ БОЛНО.
2019-02-25
Hyataduudtai sn hurshiin hariltsaagaa ulam bstatgah hregtei
2019-02-25