Энэтхэг нисгэгчийг Пакистаны цэргүүд ОЛЗОЛЖЭЭ
2019-02-28

Пакистаны тал Энэтхэгийн нисгэгчийг олзолсон тухайгаа мэдэгдлээ. Энэ талаар “ВВС” агентлаг болон “www.dailymail.co.uk” сайт мэдээллээ.

 

 

Энэтхэг, Пакистаны харилцаа хурцдаж, харилцан нэг нэгэндээ хохирол учруулж эхэлжээ. Хоёр улс 1947 онд Британийн колончлолоос гарснаас хойш Кашмер мужийг булаацалдаж, өнөөг хүртэл зөрчилдсөөр ирсэн. Газар нутгийн маргаанаас болж, 1971 онд Энэтхэг, Пакистан харилцан гал нээж байв.

 

Гэхдээ хоёр улсын харилцаа өмнөхөөсөө илүүтэй муудаж, ДАЙН болоход ойрхон байна.

 

Энэ сарын 14-нд Кашмирт ажиллагаа явуулж байсан Энэтхэгийн цэргийн цувааны ойролцоо амиа золиослогч халдлага үйлдэж, 45 хүний аминд хүрсэн. Халдлагыг лалын шашинтнуудын “Жаиш-е-Мухаммад” алан хядах бүлэглэл үйлдсэн гэдгээ зарласан аж.

 

Уурссан Энэтхэг энэ долоо хоногийн эхээр “Жаиш-е-Мухаммад” бүлэглэлийн байршилд агаараас цохилт өгсөн ба өөрсдийн үйлдлээ “Амиа золиослогч дахин халдлага үйлдэх эрсдэлтэй учир хариу арга хэмжээ авлаа” гэж Энэтхэгийн Гадаад хэргийн тэргүүн дэд сайд Вижай Гокхале тайлбарлажээ.

 

Агаарын цохилтын улмаас олон босогч амь үрэгдэж, босогчдын тээврийн хэрэгслүүд, зэвсэг, байлдааны хэрэгслүүдийг бүрэн устгасан гэнэ. Энэтхэгийн Засгийн газар “Пакистаны Засгийн газар дотоодын хэт даврагчидтайгаа тэмцэж чадахгүй, үйл ажиллагааг нь алсаас дэмжиж байна” гэж буруутгажээ.

 

Гэнэтийн дайралтын дараа Пакистан “Харж л байгаарай. Бид тун удахгүй хариугаа авна” гэж сануулжээ.

 

Дээрх сануулгаас хэдхэн цагийн дараа Пакистаны армийнхан хилийн зурваст нислэг үйлдэж байсан Энэтхэгийн нисэх хүчний хоёр тийрэлтэт онгоц руу гал нээж, унагаасан байна.

 

Пакистан “Энэтхэгийн хоёр онгоц газар нутгийн маргаантай байгаа Кашмерийн агаарын хилийг зөрчсөн учир гал нээсэн” гэж мэдэгджээ. Гал нээхэд нэг онгоц Энэтхэгийн талд харин нөгөөх нь Пакистаны талд унасан байна.

 

Энэтхэг нисгэгчийг олзолсон гэдгээ твиттер хуудсаараа дамжуулан мэдэгдэж, нисгэгчийн зураг болон видеог байршуулжээ.

 

Сөнөсөн “МиГ-21” тийрэлтэт онгоцноос шүхрээсээ бууж буй Энэтхэг нисгэгчийг харсан олон зуун пакистанчууд армийнхнаас урьтаж, түүнийг зодсон гэнэ. Нисгэгч их гэмтэл авсан ба саяхан цацагдсан бичлэгт “Пакистанчууд надтай хүний ёсоор харьцаж байгаа. Тиймээс санаа зоволтгүй” гэж хэлжээ.

 

 

Олзлогдоод буй нисгэгчийг Абхинандан Вартхама гэдэг бөгөөд Энэтхэгийн нисэх хүчин алба хаагч юм. 

 

Пакистаны Зэвсэгт хүчний хэвлэлийн албаны дарга, хошууч генерал Асиф Гафур  твиттер хуудастаа “Бидний үйлдэл хууль бус биш. Агаарын хил зөрчсөн учир хариу арга хэмжээ авсан” гэж жиргэжээ.

 

Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд “Дахин дайтахыг хүсэхгүй байна. Яаралтай энэ бүхнийг шийдвэрлэж, маргаанаа эцэслэх учиртай” гэв.

 

Пакистаны Ерөнхий сайд Имрах Хан “Пакистаны тал шаардлагатай алхам хийсэн. Яг одоо хоёр улсын удирдлагууд хэлэлцээрийн ширээний ард сууж, маргаанаа шийдвэрлэх хэрэгтэй. Хэрвээ Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди бидний саналыг хүлээн авбал бид хаана ч уулзахад бэлэн байна” гэж мэдэгджээ.

 

Уг хүсэлтэд Ерөнхий сайд Моди хариу өгөөгүй ч олзлогдсон цэргээ заавал эргүүлж авахаа амласан гэнэ.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин
Дундад зууны маягаараа байгаа хогнууд шив дээ. удирдлагынхаа даалгавараар тэр нисгэгч үүрэг гүцэтгэж явсан байж таарна.
2019-02-28