Р.Дагвыг НИТХ-ын даргад нэр дэвшүүллээ
2019-02-28

17:58 цаг

С.Амарсайханыг нийслэлийн Засаг даргаар томилогдсонтой холбогдуулан НИТХ-ын даргаас чөлөөллөө. Дараагаар НИТХ-ын даргад Р.Дагвыг томилох саналыг МАН-аас гаргасныг танилцууллаа. Хэлэлцэж байгаа асуудалтай холбодуулан эмэгтэйчүүдээ төлөөлж, НИТХ-ын бодлого боловсруулах байгууллагын даргад  төлөөлөгч Ц.Байгалмаа нэрээ дэвшүүлж байгаагаа мэдэгдлээ. Үүнтэй холбогдуулан МАН-ын бүлэг  нэг цагийн завсарлага хүсч байгаагаа төлөөлөгч н.Батсүмбэрэл хэллээ. Ийнхүү НИТХ түр завсарлалаа. 

 

Э.Бат-Үүл: Хотын дарга дундад зууны ноён шиг байж болохгүй шүү

15:40 цаг:

НИТХ-ын ээлжит XXII хуралдаан завсарлаад дахин эхэллээ. Хуралдаанаар НИТХ-ын даргыг чөлөөлж, томилох асуудлыг хэлэлцэж байна.  Хэлэлцэх асуудлыг танилцуулсаны дараагаар НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

-Иргэншсэн хотын дарга байгаасай гэж хэлмээр байна. Дарга болсон хүмүүсийн сэжгийн зан байдаг юм. Өрөөний тавилга, машинаа солиод, феодалийн үеийн, дундад зууны ноён шиг болоод байдаг. Ард нь баарддаг өрөөтэй. Иргэншсэн хотын дарга гэдгийг энэ нь байхгүй болгодог. Би Засаг дарга байхдаа зүгээр л ажлын өрөөтэй байсан. Гэтэл иргэншсэн биш дунд зууны балиар байдлаа С.Амарсайхан дарга засах уу? гэдгийг тодрууллаа.  Түүний үг хэлж байхад хажуунаас нь үг сөргөсөн төлөөлөгчийг тэрбээр “Иргэд ирэхээр та нар хөөгөөд гаргадаг. Согтуу иргэдийн төлөөлөгчөө хөөж гарга.”хэмээв. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан:

 

 Би иргэншсэн хотын хүрээнд хэсэгчилсэн байдлаар гэр хорооллын айл өрхийг инженерийн шугамд холбох замаар амьдрал ахуйг нь дээшлүүлж байгаа. Үүнийг үргэлжлүүлнэ. Цаашдаа олон мянган айл өрхийг дэд бүтцэд холбох ажлыг хийнэ.  Бид энд тэндээс ирсэн зэрлэг хүмүүс гэж бодохгүй байгаа. Нийслэлийг хөгжүүлэхийн төлөө иргэдээс сонгогдоод гараад ирсэн. Миний өрөө энгийн, албан оффисын тоноглол хэрэгсэл бий. Бид бие биедээ хүндэтгэлтэй хандах ёстой. Би Налайхад төрсөн уурхайчны хүүхэд. Аав ээж минь эд хөрөнгөөр туйлуулаагүй ч зорилго, тэмүүлэлдээ үнэнч, хөдөлмөрч байхыг сургасан. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл:

 

-Би өмнө нь гэр хорооллын дахин төлөвлөлтийг явуулж байсан. Үүнийг улстөрийн зорилгоор зогсоосон. Би таны хариултыг ойлгосонгүй. Хувийн чанартай ойлгоод байх юм. Ажил хэрэгч дүр төрхтэй байх нь чухал байдаг.  

 

НИТХ-ын төлөөлөгчид шинээр сонгогдсон нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайханд амжилт хүсч, санал хэллээ. Тухайлбал, төлөөлөгч н.Батсүмбэрэл "Нийслэлийн Засаг дарга болоод хүүтэйгээ хамт компани байгуулаад яваад байхгүй шүү" хэмээсэнд төлөөлөгч Э.Бат-Үүл "Ар гэртэй нь заалдаж байхад давж гарах зүрхтэй байгаарай. Би шүүх дээр хүүтэйгээ хамт явж байгаа. Шүүх үнэн зөвийг тогтоох байх. Харин Батсүмбэрэл чамд захихад ах шигээ асуудлыг давж гарах эрэлхэг зоригтой байгаарай. Хүнийг асуудлыг ар гэртэй нь хамаатуулж ярьж болохгүй. Би энэ байтугайг давж гарсан гэдгээ мэдэгдье гэлээ.

 

Ингээд С.Амарсайханыг НИТХ-ын даргаас чөлөөлөх санал хураалт явуулав. НИТХ-ын төлөөлөгчийн олонхийн саналаар С.Амарсайханыг НИТХ-ын даргын үүрэгт ажлаас чөлөөлөв. 

 

Одоо НИТХ-ын даргыг сонгох асуудлыг хэлэлцэж эхэллээ. 

Shuud.mn
Сонин хачин