Хүний эрх зөрчсөн "Зорчигч тээврийн нэтгэл"-ийн захиралд шаардлага хүргүүлжээ
2019-03-01
Гэрэл зургийг MPA.mn

 

Иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн "Зорчигч тээврийн нэгтгэл" ОНӨААТҮГ-ын захирал Г.Төмөрбаатарт Хүний эрхийн Үндэсний Комиссоос шаардлага  хүргүүлжээ.

 

Уг шаардлагад:

 

“ЗОРЧИГЧ ТЭЭВРИЙН НЭГТГЭЛ “ ОНӨААТҮГ-ЫН ЗАХИРАЛ Г.ТӨМӨРБААТАР ТАНАА

 

Нийслэлийн Баянгол дүүргийн ... дугаар хорооны иргэн Б Комисст хандаж гаргасан гомдолдоо “... Миний бие 2012 оноос эхлэн тухайн үеийн Автобус-1 ОНӨҮГ-т мэргэжилтнээр ажиллаж байгаад 2016 онд хүүхэд асрах чөлөө авсан юм. Хүүхэд асрах чөлөө дуусаж, ажилдаа эргэж орох хүсэлтийг 2018 оны 08 дугаар сарын 01, 11 дүгээр сарын 05, 11 дүгээр сарын 23-ны өдөр тус тус гаргаж, байгууллагын удирдлагатай удаа дараа уулзсан боловч “ажилд эргүүлэн авах боломжгүй, чиний хашиж байсан албанд өөр хүн томилсон, орон тоо байхгүй, бүрмөсөн ажлаас гар” гэсэн хариуг өгч, ажилд орох хүсэлтийг хүлээж авахгүй өнөөдрийг хүрлээ.” гэжээ.

 

Комисс холбогдох албан тушаалтнаас тайлбар, тодруулга авах, баримт материал гаргуулан авч судлахад Зорчигч тээврийн нэгтгэл ОНӨААТҮГ-ын захирлын 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/1 дүгээр тушаалаар Б-г ажилтнаар томилж, улмаар тус газрын захирлын 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Хүүхэд асрах чөлөө олгох тухай” Б/54 дугаар тушаалаар түүнд 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдрөөс 2018 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийг хүртэл хүүхэд асрах чөлөө олгожээ.

 

Иргэн Б-ийн гомдолд дурдсан асуудлаар албан ёсны тайлбар, холбогдох баримт материалаа ирүүлэх талаар Комиссын гишүүний 2019 оны 01 дүгээр сарын 29-ны өдрийн 2/97 дугаар албан бичгийг танд хүргүүлсэн болно.

 

Тус газрын Захиргаа удирдлага, хүний нөөцийн хэлтсийн дарга Д.Түвшинбат нь 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 1/291 дугаар албан бичгээр “Тус нэгтгэлийн ажилтнаар ажиллаж байгаад хүүхэд асрах чөлөө авсан Б-ийн ажилдаа эргэн орох хүсэлтийг хүлээн авч, ажлын байраар хангах асуудлыг шийдвэрлэж байгаа болохыг мэдэгдье.” гэсэн тайлбарыг Комисст ирүүлсэн боловч түүний хүсэлтийг одоог хүртэл эцэслэн шийдвэрлээгүй байна.

 

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 23 дугаар зүйлд “Хүн бүр хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга, аятай нөхцлөөр хангуулах, ажилгүйдлээс хамгаалуулах эрхтэй”, Монгол улсын Үндсэн хуулийн Арванзургадугаар зүйлийн 4 дэх заалт “..., хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, ... эрхтэй”, Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсэгт ”Хүүхэд асрах чөлөө дууссан, эсхүл дуусаагүй боловч эх эцэг өөрөө хүсвэл ажил олгогч нь түүнийг ажил, албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах үүрэгтэй бөгөөд хэрэв орон тоо нь хасагдсан, ажилтны тоог цөөрүүлсэн бол түүнд өөр ажил олж өгнө” гэж тус тус заасан байна.

 

Дээрхээс үзэхэд иргэн Б нь хүүхэд асрах чөлөөний хугацаа дуусаж ажилдаа эргэн орох өргөдлийг танд гаргасан боловч хуульд заагаагүй үндэслэлээр түүнийг эрхэлж байсан ажилд нь томилохгүй байгаа нь иргэний олон улсын гэрээ конвенц, дотоодын хууль тогтоомжоор баталгаажуулсан хөдөлмөрлөх, хөдөлмөрийн шударга, аятай нөхцөлөөр хангуулах эрхийг зөрчсөн байна.

 

Иймд иргэн Б-г эрхэлж байсан ажилд нь томилж, түүний хөдөлмөрлөх эрхийг хангах, цаашид энэ төрлийн зөрчлийг гаргуулахгүй ажиллах талаар холбогдох арга хэмжээ авах нь зүйтэй байх тул Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу ШААРДЛАГА хүргүүлэв.

 

Шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор бичгээр хариу ирүүлнэ үү.

 

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ГИШҮҮН Н.ГАНБАЯР" гэжээ. 

Shuud.mn
Сонин хачин