Д.Жамсранжав: Цахим татварын системд нэвтэрч татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой
2019-03-04

Хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхдээ хаана, хэрхэн хандах талаар ТЕГ-ын Татвар төлөгчтэй харилцах хэлтсийн Татварын улсын байцаагч Д.Жамсранжаваас тодрууллаа.

 

 

-Иргэн, хуулийн этгээд ямар нэгэн үйл ажиллагаа явуулж эхэлсэн бол татвар төлөгчөөр бүртгүүлэх ёстой байх. Тэгэхээр татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэх гэж байгаа бол хаана, хэрхэн хандах ёстой вэ?

 

-Шинээр байгуулагдсан хуулийн этгээд хамгийн түрүүнд Улсын бүртгэлийн байгууллагад бүртгүүлэх ёстой. Хуулийн этгээдийн бүртгэлийн мэдээлэл төрийн мэдээлэл солилцооны “Хур” системээр дамжин Татварын албанд ирнэ. Бүртгэгдсэн хуулийн этгээдийн мэдээлэл ирсэн даруйд Татварын албанаас тухайн хуулийн этгээдийн бүртгүүлсэн имэйл хаяг болон гар утсанд www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтрэх нэр, нууц үгийг автоматаар илгээнэ. Тухайн нэвтрэх нэр, нууц үгийг хуулийн этгээд ашиглан татвар төлөгчөөр бүртгүүлэх боломжтой.

 

-Өмнө нь харьяа татварын албанд очиж, маягт бөглөж өгдөг байснаа больсон гэсэн үг үү?

 

-Татварын алба төрийн үйлчилгээг татвар төлөгчдөд  хүндрэл чирэгдэлгүйгээр хүргэх, татварын албаны үйл ажиллагаа болон татвар төлөгчид үзүүлэх  үйлчилгээг цахимжуулах,  төрийн үйлчилгээг ил тод, хүнд сургалгүй хүргэх зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд орчин үеийн дэвшилтэт технологид суурилсан Татварын удирдлагын нэгдсэн системийг нэвтрүүлээд байна. Тиймээс хувь хүн, хуулийн этгээд татвар төлөгчөөр шинээр бүртгүүлэхдээ Татварын албанд биеэр очих шаардлагагүй болсон. Өөрөөр хэлбэл, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий газраас гэрчилгээ авснаасаа хойш ажлын 14 өдрийн дотор www.e-tax.mta.mn цахим татварын системд нэвтэрч, татвар төлөгчөөр бүртгүүлэх хэрэгтэй.

 

-Цахим татварын системд хэрхэн нэвтэрч, татвар төлөгчөөр хэрхэн бүртгүүлэх ёстой вэ. Дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

 

-Хамгийн түрүүнд www.e-tax.mta.mn линкээр цахим татварын системийг үүсгэнэ. Цахим татварын системд нэвтрэхийн тулд таны имэйл хаяг болон гар утсанд ирсэн нэвтрэх нэр, нууц үгийг ашиглана. Нэвтрэх хэсэгт байгаа “Татвар төлөгчийн дугаар”, “Хэрэглэгчийн нэр” нүдэнд хуулийн этгээдийн регистерийн дугаарыг оруулна. “Хэрэглэгчийн нууц үг” нүдэнд имэйл хаяг болон гар утсанд ирсэн нууц үгийг ашиглан нэвтэрнэ.

 

Нэвтэрч орсны дараа нүүрний баруун дээд буланд байх сумыг дарахад “Миний мэдээлэл” цэс гарч ирнэ. “Миний мэдээлэл” цэсэнд татвар төлөгчийн дэлгэрэнгүй мэдээлэл, татварын төрөл, үйл ажиллагааны чиглэл, үүсгэн байгуулагч болон дансны мэдээлэл, харилцан хамаарал бүхий этгээдийн бүртгэл, холбоо барих, бүртгэлтэй цахим шуудангийн жагсаалт зэрэг мэдээлэл харагдахаас гадна татвар төлөгч үл хөдлөх хөрөнгө, буу, мал эзэмшдэг бол бүртгэлийн мэдээлэл харагдана. Ийнхүү татвар төлөгчөөр бүртгүүлснээр “Татвар төлөгчийн гэрчилгээ”-г цахимаар илгээнэ.

Shuud.mn
Сонин хачин