Нийслэлийн удирдлагуудаас шинэ санаа, шуурхай шийдэл хүлээх үү
2019-03-04

Хүйтний эрч суларч, хаврын салхинд Улаанбаатарын угаар хөөгдөн сийрэгшиж байна. Зарим өдрөө салхины хурдаас шалтгаалж, Улаанбаатар хот “цонхоо арчсан” мэт цэлмэж байгаа нь бүүр сайхан. Улаанбаатарчууд бид угаар бус бага зэргийн утаатай байхыг ч тоохоо байж, зарим амны хаалтаа авч, агаар амьсгалан хотын гудамжаар алхалж байна. Гэхдээ угаар, утаа ариллаа гээд нийслэлчүүд бид цэнгэг агаар амьсгалах болоогүй л дээ. Залгуулаад шороо тоос босч, төв цэвэрлэх байгууламжийн өмхий үнэр хамар цоргиод эхэллээ. Нэгэнтээ  цасгүй өвлийн дараах хавар тоос босохоос ч яах билээ. Харин Төв цэвэрлэх байгууламжийн үнэрийг дарж байгаа гэдгээ өнгөрсөн намар БХБ-ын сайд хэлж, одоогийн хотоор нэг үнэртээд байгаа зүйлийг химийн бодисны үнэр гэж байсан. Гэхдээ энэ нь өмнөх лагийн үнэртэй агаар нэгэн байсан. Тэгээд ч химийн бодис ч хор, нөлөөтэй. Лагаас хордож байсан бол одоо химийн бодисоос хордож, харшлах нь нийслэлчүүд бид.

 

Энэ хаврын тухайд төр, засгаас гадна нийслэл хотын удирдлагууд бүрэн томилогдлоо. Тиймээс шийдэлгүй байгаа асуудлуудад хариуцлага нэхэх “эзэн”-тэй, хандах албан тушаалтай болсон нь сайшаалтай.

 

Нийслэлийн удирдлагуудыг томилсон НИТХ-ын үйл ажиллагаа өнгөрсөн долоо хоногт олны анхаарлын төвд байлаа. НИТХ хэвлэл мэдээлэлд нээлттэй явагдсан.  Ер нь НИТХ-ыг сурвалжлах нь нээлттэй. Өнгөрсөн долоо хоногийнх  НИТХ-ын дарга, хотын даргын томилгоог  хэлэлцсэн болохоор илүүтэй олны анхаарлыг татсан хэрэг.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид МАН-ын Удирдах зөвлөлөөс нэрийг нь дэвшүүлсэн  НИТХ-ын дарга С.Амарсайхан, төлөөлөгч С.Мөнхчулуун нар дахин өрсөлдсөн. Учир нь  шинэ оны дараах НИТХ-ын хуралдаанаар нийслэлийн Засаг дарга С.Мөнхчулуун олонхийн санал авсан хэдий ч Ерөнхий сайд У.Хүрэлсүх албан бичигт  сарын дараа хариу өгөхдөө батламжлаагүй буцаасан юм.

 

Энэ удаад хэн ч хотын дарга болсон Ерөнхий сайд тав хоногийн хугацаанд батламжлах хуулийн зохицуулалт үйлчилж байлаа. Гэхдээ НИТХ-ын төлөөлөгчдийн олонхийн саналыг өмнө нь “унасан” С.Амарсайхан авч, Ерөнхий сайд ч нийслэлийн Засаг даргаар даруй батламжилсан билээ. Тодруулбал, энэ удаад төлөөлөгчид хувийн байр сууринаас бус намын бодлогоор сонголтоо хийсэн.

 

Удаах НИТХ-ын хуралдаанаар НИТХ-ын дарга Р.Дагва олонхийн санал авлаа. Танхимаас төлөөлөгч Ц.Байгалмаа нэрээ дэвшүүлсэн хэдий ч мөн л “намын бодлого”-оор түдгэлзсэнн юм.  Харин энэ хоёр томилгооны асуудлыг хэлэлцэхэд НИТХ бүтэн өдрийг “цонхолж” өнгөрөөв. Учир нь хотын парламент гэгдэх НИТХ-ын хуралдааны дэгд УИХ дахь намын бүлгүүд завсарлага авах нь хязгааргүй бололтой. Тиймээс  нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг томилох асуудлыг хэлэлцэхэд нийтдээ таван удаа, НИТХ-ын даргын томилгоог хэлэлцэхэд гурвантаа завсарлага авч, хугацаа алдаж байлаа.  Хэдийгээр хугацаа алдсан хэдий ч “намын бодлого”-ын хувьд гажсан зүйлгүй.

 

Ер нь нийслэлийн Засаг даргад, НИТХ-ын дарга ч нэрээ дэвшүүлэн өрсөлдсөн эрхмүүд эрх баригч хүчин МАН-ынх. Түүнээс бус НИТХ дахь олонхитай сөрөг хүчин АН барьцаж, албан тушаалд дэвшихээр нэрээ дэвшүүлэн өрсөлдөөгүй.  Харин нийслэлийн Засаг даргад намын бодлогоо зөрчиж,  бие даан нэрээ дэвшүүлсэн С.Мөнхчулуун МАН-ын Хяналтын хорооны шийдвэрээр гишүнүчлэлээсээ хасагдсан. Басхүү түүнийг дэмжсэн Ц.Сандуй ч намаасаа хөөгдөөд байгаа.

 

Тэгвэл НИТХ-ын даргад өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлээд буцаан татсан төлөөлөгч Ц.Байгалмаад нам нь хэрхэн хариуцлага тооцохыг таашгүй. Нэрээ татаж авсан учир энэ удаад хариуцлага тооцох асуудлыг түр түдгэлзүүлж ч магад. Эсвэл өөр нэр дэвшигч танхимаас гараад ирэх вий гэсэн болгоомжлол, урьдчилсан тооцооллоор “С.Байгалмаа бие даан нэр дэвшүүлэх сценари явагдсан байхыг үгүйсгэхгүй. Учир нь МАН-аас  НИТХ-ын даргад Р.Дагвыг нэр дэвшүүлэн томилох нь эртнээс тодорхой асуудал байлаа. Нэр дэвшүүлэх үйл ажиллагаа эхлэхэд НИТХ дахь АН-ын бүлгээс экс хотын дарга Э.Бат-Үүл нэрээ дэвшүүлэхээр санал гаргасантай зэрэгцээд С.Байгалмаа төлөөлөгч нэр дэвшсэн. Тиймээс Э.Бат-Үүл нэрээ татсан юм.

 

Ийнхүү нийслэлийн удирдлагуудын томилгоо “дээрээс өгсөн чиглэл”-ийн дагуу явагдлаа. Харин одоо шинэ удирдлагууд бүрэн эрхийнхээ 1.8 жилийн хугацаанд юу хийж амжуулах вэ гэдэг асуулт үргэлжилнэ. Нийслэлчүүдийн хувьд хоёр шинэ дарга байтугай МАН-аас ч ямар нэг хүлээлтгүй болсон. Нэгэн нь НИТХ-ын даргаар, нөгөө нь НИТХ-ын МАН-ын бүлгийн даргаар ажиллаж байсан хоёр эрхмээс шинэ санаа, шуурхай шийдэл хүлээлтгүй.  Нийслэлийн утааг арилгах, түгжрэлийг бууруулахаас ажлаа эхлүүлнэ гэж нийслэлийн удирдлагууд улиг болсон жижүүрийн үгийг давтаж байна лээ. НИТХ-ын дарга байхдаа шийдлээ олоогүй ажлаа нийслэлийн Засаг дарга болоод хэрэгжүүлнэ гэж найдалтгүй.

 

Хаврын бүтээн байгуулалтаа хувийн хэвшлийнхэн хэдийнээ эхлүүлсэн. Хувий хэвшлийнхэн ажлаа эхлүүлсэн бол дуусгадаг. Харин хотын “ажил” хэзээ эхлэх, эхлүүлсэн бол хэзээ дуусах нь тодорхойгүй гацаасаар байдгийг яармагт баригдаж байгаа Улаанбаатар хотын захиргааны шинэ барилга гэрчилнэ.

Н.Энхлэн

Shuud.mn
Сонин хачин
MAHгар:
Алиалаад л хэхэ
2019-03-04
Алиалаад л хэхэ
2019-03-04
Алиалаад л хэхэ
2019-03-04
зочин:
МАН-ын засаг болж байна аа, Эдийн засаг өсөж цалин хөлс бага ч гэсэн нэмэгдлээ, Том бүтээн байгуулалтууд эхэлж байна. АН шиг л бүгдийг хулгай хийж сүйтгэсэнгүй,
2019-03-04
MAHгар:
Алиалаад л хэхэ
Алиалаад л хэхэ
Алиалаад л хэхэ