Ослын голомтод шөнөдөө 2 цаг тутамд 3 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байна
2019-03-06
Гэрэл зургийг MPA.mn

 

Төв аймгийн Заамар сумын Хайлааст багийн “Ууцар” гэдэг газарт байрлах “Эко-Алтан Заамар” ХХК-ийн “Баянголын-Эх” нэртэй А/18995 дугаарын ашиглалтын зөвшөөрөлтэй 100 метрийн өргөн, 80 метр гүнтэй ил уурхайд 02.28-ны өдрийн 16:00 цагт нуралт болж 6 хүн, 2 тусгай зориулалтын механизм шороонд дарагдсан.

 

“Эко-Алтан Заамар” ХХК-ийн 6 ажилтан уурхайд ажиллаж байх үед уурхайн хана нурж нийслэлийн Налайх дүүргийн харьяат иргэн Б/33 настай, эрэгтэй/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн Д /27 настай, эрэгтэй/ нар дарагдсаныг 16:05 цагт тус уурхайн ажилчид эсэн мэнд гаргасан.

 

Харин үлдсэн дөрвөн иргэн хоёр техникийг гарган авахаар Онцгой байдлын алба хаагчид  өдөр шөнөгүй ажилласаар 03.02-ны өдөр 28 удаагийн шумбалт хийж 19:04 цагт иргэн О-гийн цогцсыг, 03.03-ны өдөр 15 удаагийн шумбалт хийж 13:32 цагт иргэн Г-гийн цогцсыг 5-6 метрийн гүнээс тус тус гаргаж цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгөөд байгаа.

 

Одоогоор нурангид дарагдсан Баянхонгор аймгийн Баянхонгор сумын харьяат иргэн П /38 настай, эрэгтэй/, нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн харьяат иргэн Б /31 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, мөн тус компанийн эзэмшлийн “КАТ-374Д” загварын эксковатор, “КАТ-Д8Т” загварын бульдозерийг гаргахаар ажилласаар байна.

 

Өнөөдрийн байдлаар 9 ширхэг усан хөөрөг ажиллаж 120,055 м3 ус соруулан, 24 цагийн турш ажиллаж байгаа бөгөөд усны түвшин 50 см-ээр багасаж, 1-2,5 м гүнтэй болжээ. Үндэсний аврах бригадын 3 аврагч 9 удаа 1-2,5 метрийн гүнд шумбалт хийсэн. Мөн завь ашиглан карьерийн 1364 м2 талбайн зайрмагдсан мөсийг хагалж зөөвөрлөн, тэмтрүүл ашиглан эрэн хайх ажиллагаа явуулсан байна. Мөн түүнчлэн нурангид дарагдсан эксковатор орчмын лаг шавар, шороо, мөсийг ухах, зөөвөрлөх ажиллагааг зохион байгуулж эрэн хайх ажиллагаанд шөнөдөө 2 цаг тутамд 3 аврагч ээлжлэн үүрэг гүйцэтгэж байгаа аж.

 

Ослын голомтод ОБЕГ-ын 7 алба хаагч, ҮАБ-ын 24 алба хаагч, хойд бүсийн төв Орхон аймгийн Онцгой байдлын газрын 4 алба хаагч, Төв аймгийн Онцгой байдлын газрын 3 алба хаагч, Прокурорын газрын 2 алба хаагч,  аймгийн Цагдаагийн газрын 10 алба хаагч, Шүүхийн шинжилгээний албаны 4 алба хаагч, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын 7 албан хаагч, “Эко-Алтан Заамар” ХХК-ийн 178 ажилтан, орон нутгийн захиргааны 3 албан хаагч, нийт 242 хүн, 38 техник, хэрэгсэлтэйгээр ажиллаж байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин