ЭЭЖ, ээж ээ
3-8

Хамгийн хайртай хүнээ хамгийн ихээр гомдоодог, хачин шүү энэ хорвоо. Хайртай гэж хэлж түвдэхгүй атлаа уурлахдаа хачин их яарна, хэцүү шүү, хүний араншин. Гомдоосон доо, мөн ч олон удаа. Хийж өгсөн цайг нь уулгүй, бэлдэж тавьсан хоолыг амтгүй гэж гомдоосон. Очлоо, очно, очих гэж байна хэмээн зөндөө цөхрөөсөн. Уур бухимдлаа гаргаж, загнаж мэлмэрүүлсэн. Миний төлөө гэсэн бүхэнд нь адгаж, таныгаа хачин ихээр гомдоосон. Гэвч та минь хэзээ ч надаас уйдаагүй, хувираагүй, хайрлахаа зогсоогоогүй. Нурж нугарашгүй, бат найдвартай ар тал минь байсаар ирсэн. Тэр их хайраа, сэтгэл шингээсэн бүхнээ надад, үрд минь зориулсаар байгаа, яг л албан үүрэг мэт. Та минь ХАЙР түгээгч БУРХАН.

 

 

Өндөр халилаас хөл алдан унах мөч, хэн нэгэн хаа нэг тийшээ авч явах гэж зууралдах хором, цээжин дээр дарж, амьсгал боогдуулах цаг...хар дарсан энэ зүүд хачин муухай айдастай. Хий хоосон зүйлтэй амь дүйн тэмцэлдэх тэр мөчийн аврагч нь ЭЭЖ. Дэргэд байсан ч, эс байсан ч энэ хүнийг дуудах тэр мөчид айдас төрүүлэм бүхэн айж зугтдаг авралтай. Хүний хорвоо дуусч, дундрашгүй олон асуудалтай. Зүүдэнд ирсэн бүхэн бодит болж нугарч, няцах шалтгаан болох нь ч бий. Хаа нэг тийш буцаад алхмаар санагдах үеүд ч бий. Гэвч ээжийн охинд эргээд алхах эрх үгүй. Энэ биеийг төрүүлж, өнөөг хүртэл тулж түшсээр байгаа энэ хүний дэргэд нурж унах ёсгүй. Зүүдэнд ч, бодит амьдралд ч хүч нэмдэг, Та минь АВРАЛЫН БУРХАН.

 

Зүүний үзүүрт тогтсон ширхэг будаатай зүйрлэгдэх хүн болохын заяаг та минь надад өгсөн. Бүр таны охин болж төрөх тэр их хувь заяаг та минь бэлэглэсэн. Ямар ч их ач гавьяа гээч, юутай ч зүйрлэмгүй. Өлгийтэй өчүүхэн амьтан байхаас минь эхлээд өнөөдрийг хүртэл та миний л төлөө амьдарсан. Бүр ч үхэх ч эрхгүйгээр миний төлөө амьсгалсан. ТА минь ШИДЭТ бурхан. Уйлж, дуулж таныхаа гараас зүүгдсэн тэр эрх танхи өдрүүдийн гэгээн цагаан дурсамж минь. Таниасаа нэг ч алхам холдохыг хүсдэггүй  байсан тэр эрх охин өнөө ч хэвээрээ, таныхаа гараас зүүгдсээр л байгаа. Ээжгүй хорвоог төсөөлж чаддаггүй тийм л эрх танхи охин хэвээр байгаа учраас БУРХАН минь, ЭЭЖ минь удаан, олон олон жил дэргэд минь байгаарай. Бурханд залбирахдаа хэлдэг цор ганц хүсэл минь таныгаа эрүүл саруул, энх тунх байлгах юм шүү.

 

Миний ээж сайхан...хүн бүрийн ижийдээ хэлдэг энэ үгийг тандаа хэлэхийг хүссэнгүй. Таныхаа сайхан бүхнийг нэрлээд дуусашгүй учраас тэр. Бас таньдаа хайртай, баярлалаа гэх үгс ч тэр их хайр энэрэл, сэтгэл, зүтгэлийн өчүүхэн хэсэгтэй ч дүйхгүй.

 

Зөвхөн, ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ, ЭЭЖЭЭ таньтай хорвоо ямар уудам, ямар гэгээн, ямар баян гээч.

 

В.Бат

Shuud.mn
Сонин хачин
bi:
saixan niitleld chn bayarlalaa ho eejiig mini ulam gvnzgii dursagdlaa mun ch ix sanax yum daa eejiigee
2019-03-08