Ноцтой осол гаргасан “Boeing”-ийн онгоцноос 40 гаруй улс татгалзжээ
2019-03-14

Нислэг үйлдэж байхдаа хоёр ч томоохон осол гаргасан “Boeing” компанийн шинээр үйлдвэрлэсэн “Boeing 737 MAX” загварын онгоцноос дэлхий даяараа татгалзаж, хориг тавьсан эхэллээ.

 

 

Тус загварын онгоцноос дэлхийн 40 гаруй улс татгалзаж, агаарын орон зайдаа нислэг хийхийг хориглосон байна.

 

Европын холбоо аюулгүй байдлын улмаас “Boeing 737 MAX” агаарын орон зайдаа нэвтэрч, нислэг үйлдэхийг хориглосон бол удалгүй Энэтхэгийн Засгийн газар ижилхэн шийдвэр гаргажээ.

 

Хонконгийн эрх баригчид “Түр хугацаанд “Boeing 737 MAX” загварын онгоцоор нислэг үйлдэхийг хориглосон. “Boeing” компанийн албан ёсны мэдэгдэл хийхийг хүлээж байна. Мөн хэдхэн сарын зайтай осолдсон хоёр онгоцны сүйрлийн шалтгаан чухам юунаас болсон гэдгийг нарийн мэдэх хүртлээ уг загварын онгоцыг үйлчилгээнд ашиглахгүй” гэлээ.

 

Зорчигчдын аюулгүй байдлын улмаас Кенийн “Kenya Airways” компани, Өмнөд Солонгосын “Korean Air”-ийн удирдлагууд “Boeing” компанийн “MAX” загварын онгоцыг худалдан авах гэрээгээ цуцалж магадгүй гэнэ.

 

БНХАУ, Монгол Улс, Сингапур, Австрали улс “737 MAX” онгоцны бүх нислэгийг цуцалсан бол Латин Америк, Африк, Ойрх Дорнодын агаарын тээврийн компаниуд түр хугацаанд тус онгоцыг ашиглахаас татгалзжээ.

 

Хэдхэн өдрийн өмнө  “Ethiopian Airlines” компанийн “Boeing 737 Max” онгоц осолдож, 157 хүн амиа алдсан бол уг ослоос тавхан сарын өмнө Индонезийн “Lion Air”-ийн “737 MAX 8” онгоц сүйрч, 189 хүн амиа алджээ.

 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин