Ким Чен Намыг хөнөөсөн гэх Вьетнам эмэгтэйг суллахаас татгалзжээ
2019-03-14

Хойд Солонгосын удирдагч Ким Чен Уны эцэг нэгт ах Ким Чен Нам өнгөрөгч 2017 оны хоёрдугаар сард Малайзын Куала Лампур хотын олон улсын нисэх буудалд байхдаа гэнэтийн дайралтад өртөж, амиа алдсан билээ.

 

 

Түүнийг мэдрэлийн системд нөлөөлж, шууд үхэлд хүргэдэг "VX" гэх химийн бодисоор хордуулсан болохыг тогтоосон юм. Цагдаагийнхан уг аллагатай холбогдуулан Индонез, Тайландын иргэнийг баривчилсан аж.

 

Гэхдээ аллага үйлдсэн хэмээн буруутгагдаж, өнгөрсөн хугацаанд шоронд суусан Индонезийн иргэн Сити Айсяг өнгөрөгч амралтын өдөр сулласан ба тэрбээр өдгөө нутагтаа очжээ.

 

Сити Айсяг ямар шалтгаанаар сулласан талаарх албан ёсны мэдэгдлийг Малайзын Засгийн газар хийгээгүй байна. Индонезийн Засгийн газар хилс хэргээр ял эдэлж буй иргэнээ суллахын тулд бүхий л бололцоогоо ашигласан гэнэ. 

 

Тэгвэл аллагыг гардан үйлдэж, даавуунд шингээсэн хортой бодисоор Ким Чен Намыг хордуулсан хэмээн буруутгагдаж буй гол сэжигтэн Доан Тхи Хуонгийг суллахгүй гэж Малайзын шүүхээс мэдээлэв.

 

Уг шийдвэрт сэтгэл дундуур буйгаа сэжигтний өмгөөлөгч мэдэгдэж, хэвлэлийнхэн "Сити Айсяг сулласан бол манай үйлчлүүлэгчийг ч бас суллах ёстой. Тэд шударга бус хандлаа. Тиймээс нэн даруй үйлчлүүлэгчийг минь сулла. Шүүхийн шийдвэрт сэтгэл дундуур байна" гэж хэлжээ.

 

Малайзын тал "Доан Тхи Хуонгийг гол сэжигтэн хэмээн үзэж буй учир суллах нь учир дутагдалтай" гэлээ.  Аллагын сэжигтнээр татагдаад буй бүсгүйчүүд шүүхийн үеэр "Бид телевизийн шоунд оролцож байна гэж бодсон" гэж мэдэгджээ.

 

Прокурорууд сэжигтнүүдэд ялын дээд хэмжээ буюу цаазаар авах ял төлөвлөөд буй юм. Нутаг буцаад Сити Айсяг цагаатгаагүй бөгөөд тэрбээр буруутай нь тогтоогдвол мөн ял эдэлнэ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин