Иргэдийн хурал дахь намуудын хэт оролцоог “хална”
2019-03-18

Орон нутгийн бие даасан байдлыг хангах, эрх мэдлийг шилжүүлэх шаардлагатай гэж шүүмжилж, өнгөрсөн хугацаанд төр, засгаас ч энэ чиглэлд бодлого, шийдвэрээ тодорхой хэмжээнд авч хэрэгжүүлсэн. Тухайлбал, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг 1992 онд анх баталснаас хойш орон нутгийн бие даасан байдлыг нэмэгдүүлэх, эрх мэдлийн төвлөрлийг сааруулах, орон нутгийн өмчийн харилцааг шинэ шатанд гаргах, иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байнгын тогтмол ажиллагаатай болгох чиглэлээр шинэчлэн сайжруулсаар иржээ.   

 

Гэвч бодит байдал дээр дурдсан хуулийн өөрчлөлтүүдийн үндсэн зорилго алдагдсан байна.  Тэр дундаа орон нутагт улстөржилт илүүтэй явагдаж, энэ нь тухайн засаг, захиргааны үйл ажиллагаа хэвийн явуулахад нь ч саад болсоор иржээ. Тэр байтугай тухайн баг, суманд хэн илүү ах дүү, хамаатан садан, танил талтай нь Иргэдийн хурлын төлөөлөгчөөр сонгогдож, бичиг үсгийн боловсролгүй хүнийг даргаараа сонгосон тохиолдол ч гарсан байдаг.

 

Тиймээс цаашид нутгийн өөрөө удирдах ёсыг бэхжүүлэх чиглэлээр хуулийн хэрэгжилтийн үр дүн, явцад судалгаа хийж, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн шинэчилсэн хуулийн төслийг УИХ-аас боловсруулж байгаа юм. Судалгаагаар “Хурлын Тэргүүлэгчдийн эрх мэдлийг хэт өргөжүүлсэн, Хурлын дарга хуралтай зэрэгцсэн эрх бүхий субьект болсны зэрэгцээ гүйцэтгэх эрх мэдлийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх болсон нь Засаг даргатай эрх мэдлийн хувьд өрсөлдөх үүдийг нээсэн.

 

Хурлын төлөөлөгч нь Засаг даргын удирдлагад ажилладаг төрийн захиргааны албан хаагч байж болох боломжийг нээсэн хуулийн зохицуулалтын дээр Хуралд улс төрийн намуудын оролцоо хэт байгаагаас Хурал иргэдийг төлөөлөх, эрх ашгийг нь хамгаалах, хамтын шийдвэр гаргадаг, сайн дурын байгууллага байх нутгийн өөрөө удирдах байгууллагын мөн чанараа алдаж, төрийн удирдлагатай хослох биш, холилдох тал руу ойртоход хүрчээ.

 

2006 оноос хойш Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд 19 удаа нэмэлт өөрчлөлт оруулжээ. Үүний 11 нь тусгайлсан хуулийг дагаж орсон өөрчлөлтүүд байгаа нь хуулийн анхны үзэл баримтлыг алдагдуулах, хууль тогтоогчийн үзэл санаа, зорилгыг гажуудуулж, хуулийг тогтворгүй болгож байгааг судлаачид дүгнэж байна.

 

Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тусгай чиг үүргийг аймаг, сум, баг, дүүрэг, хороодоор тодорхойлжээ. Мөн эдийн засгийн үндэс-зарлага, өмчтэй холбоотой асуудлыг хуулийн төсөлд тусгаж өгсөн байна. Тухайлбал, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай хөрөнгийг бий болгох, барилга угсралттай холбоотой зардлыг  улсын төсвөөс санхүүжүүлэхээр, нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхэд зайлшгүй шаардлагатай өмчийн хөрөнгийн зардлын 70 хувийг улсын төсөв, үлдэх 30 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, бусад өмчийн хөрөнгийн зардлыг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж санхүүжүүлэхээр төсөлд тусгасан байна. Түүнчлэн нийгмийн суурь үйлчилгээг үзүүлэхтэй холбоотой урсгал зардлын 95 хувийг улсын төсөв, үлдэх 5 хувийг тухайн шатны засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжээс санхүүжүүлж, аймаг, нийслэл, сум, дүүрэг, хот нь энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардлагатай өмчтэй байхаар шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан байна.

 

Мөн хуульд тухайлан заагаагүй боловч гадаад харилцаа, батлан хамгаалах зэрэг нийгэм, эдийн засгийн бус асуудлаар бие даан шийдвэр гаргах, гадаад улстай бие даан харилцах, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлэх талаар тусгасан байна. Энэ заалт тухайн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж гадаад улсын ижил түвшний засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй нийгэм, эдийн засаг, соёлын асуудлаар шууд харилцахад саад болохгүй хэмээн тодорхойлжээ.

 

Засаг захиргаа, нутгийн удирдлагын хуулийн шинэчилсэн найруулгын төслийг батлахтай зэрэгцээд Хот, тосгоны эрхзүйн байдлын тухай хуульд ч өөрчлөлт оруулж, аймгийн төвүүдийг хотын статустай болгох эсэх, олон улсын жишгийг ч судалж байгаа аж.

 

Хууль санаачлагчид баг, хорооноос эхлээд иргэдийнхээ төлөө асуудал шийддэг, иргэдийн оролцоог хангах зайлшгүй шаардлагатай гэж үзэж ирэх хаврын чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар ийнхүү бэлтгэж байгаа юм. Уг хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар орон нутагт явагддаг улстөржилтийг ч хална гэж хууль боловсруулагчид үзэж байна.

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хамгийн түрүүнд Үндсэн хуулийг өөрчилж байж энэ асуудлыг ярих хэрэгтэй
2019-03-18
Сум хороодын сонгуульд намаас нэр дэвшиж санад авч сонгогдож байгаа одоогийн тогтолцоо нь хэрүүл,талцал үүсгэж ажил унагааж,албан тушаал наймаалцах эх үүсвэр болж байна.Багийн Иргэдийн нийтийн хурлаас нэр дэвшүүлээд монгогдсон төлөөлөгч нь иргэдээ төлөөлдөг болсон цагт Хурал ажиллах нөхцөл үүснэ. Сум хороонд НАМ хэрэг бйхгүй.Яг үнэндээ юугаач мэдэхгүй хэдэн төгрөг авчихсан хэсэг,нөхөд хэд хоног манарч байгаад сонгууль явсан явагдсан болдог.
2019-03-18
Zochin:
Oron nutagt namiin, khurliin, ZDTG-iin yil ajillagaag zaaglaj ogokh kheregtei bna.
2019-03-18