Тусгай олимп: Б.Амарболд дахин хүрэл медаль хүртлээ
2019-03-20

 

 

Монголын багийн тамирчид Тусгай олимпын наадмын медалийн буухиаг таслахгүй өрсөлдөж байна. Энэхүү буухиаг үргэлжлүүлсэн тамирчин бол Б.Амарболд байлаа. Тэрбээр багийн тамирчдаас хамгийн насаар бага нь. Гэвч өөрийнхөө төрөлд шилдэг гэдгээ батлан ширээний теннисний дэмжин тоглогчтой төрлөөс хүрэл медаль хүртлээ. Тэрбээр ганцаарчилсан төрөлд мөнгөн медаль хүртээд байсан юм.

 

Тусгай олимпын наадмын нэг зорилго бол оюуны бэрхшээлтэй тамирчдыг энгийн хүүхдүүдтэй нөхөрлүүлэх, нэгнээ ойлголцох боломжийг олгох. Тийм ч учраас бүх төрөлд дэмжин тоглогчтой гэх ангилалыг нэмж оруулсан байдаг. Энэ нь нэг оюуны бэрхшээлтэй тамирчныг энгийн тамирчин дэмжиж, баг болж өрсөлддөг төрөл юм.

 

Б.Амарболд хүүгийн энэ удаагийн дэмжин тоглогчтой төрөлд хамт бэлтгэл хийдэг М.Буян-Эрдэнэ ирж оролцсон. М.Буян-Эрдэнийн хувьд насанд хүрээгүй жаахан хүүхэд ч гэлээ үүргээ ухамсарласан дэмжин тоглогч. Тэрбээр тоглолтгүй үедээ ч Б.Амарболдод үргэлж санаа тавьж, түүнд тусладаг билээ.

Shuud.mn
Сонин хачин