Гадаад паспортыг цахимаар захиалах боломж бүрдээгүй байна
2019-03-21

-Цахим үнэмлэхийг цахимаар захиалдаг боллоо-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Улсын бүртгэлийн ерөнхий газраас 2019.03.19-ны өдрөөс эхлэн иргэний үнэмлэхийг онлайнаар захиалах ажлыг албан ёсоор эхлүүлжээ.

 

Ингэснээр өмнө нь Ховд аймгийн Зэрэг сумын иргэн Улаанбаатар хотод иргэний үнэмлэхээ гээсэн тохиолдолд сумандаа өөрийн биеэр очиж цахим үнэмлэхээ захиалдаг байсан. Үүнд цаг зав, зардал мөнгө нэлээд шаарддаг байв. Харин өнгөрөгч оны арваннэгдүгээр сараас иргэн аль ч дүүрэг, сум хорооноос харьяалал харгалзахгүйгээр иргэний үнэмлэхээ захиалдаг болсон. Тиймээс Ховд аймгийн иргэн Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргээс Хөвсгөл аймгаас ч иргэний үнэмлэхээ захиалах боломж бүрдсэн.

 

Тэгвэл энэ сарын 19-нөөс Монгол Улсын аль ч дүүрэг, сум, хорооноос интернет ашиглан цахимаар цахим үнэмлэхээ захиалах нөхцлийг 100 хувь хангажээ. Гэхдээ 16 нас хүрсэн, шинээр иргэний үнэмлэхээ авах иргэд онлайнаар захиалах боломжгүй аж. Мөн 25, 45 нас хүрсэн, иргэний үнэмлэхээ шинэчлэх шаардлагатай иргэдэд онлайн захиалга үйлчлэхгүй юм байна. Учир нь дээрх насны иргэд  10 хурууны шинэчилсэн бүртгэлд хамрагдах ёстой. Тэгэхээр 16, 255 настай болон 45 настай иргэд зайлшгүй харьяаллын дагуух сум, хороондоо очиж арван хурууны хээгээ дахин өгөх шаардлагатай юм. Бусад тохиолдолд онлайнаар захиалах боломж 100 хувь бүрджээ.

 

-Гадаад паспортыг онлайнаар захиалах ажлыг энэ онд багтаан эхлүүлнэ-

 

Caption

 

Цахим үнэмлэхийг цахимаар захиалах боломж бүрдсэнээс хойш буюу энэ сарын 19-ноос хойш Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд иргэний үнэмлэхээ авахаар 111 мянган иргэн хандсанаас долоон иргэн захиалгаа амжилттай өгчээ.

 

Мөн  Улсын бүртгэлийн ерөнхий газраас гадаад паспортыг цахимаар захиалах ажлыг эхлүүлж, программ хангамжийг бэлэн болгосон ч иргэний хувийн мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хангах, тагнуулын байгууллагаас зөвшөөрөл авах, төлбөр тооцооны асуудлыг шийдэх учраас хараахан цахимаар захиалга авч эхлээгүй байгааг албаны хүн хэллээ.

 

Энэ ондоо багтаагаад гадаад паспортыг онлайнаар захиалах ажлыг эхлүүлэх аж.

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин