400 мянган тээврийн хэрэгслийг "түгжрүүлэхгүйн" тулд 427 алба хаагч ажилладаг
2019-03-22

Тээврийн цагдаагийн албанаас зам тээврийн осол зөрчлийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2019.3.22/ мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд тус албаны дарга, цагдаагийн хурандаа Д.Амарсайхан, ТЦА-ын урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Бөхбат нарын албаны хүмүүс оролцлоо.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Манай Улс 2019 оны байдлаар нийтдээ 970 мянга 860 орчим тээврийн хэрэгсэл, 1 сая 207 мянга 690 жолооч, 12 мянга 105 км хатуу хучилттай автозамтай. Үүнээс нийслэл хотод албан бус тоогоор 500 гаруй мянган  тээврийн хэрэгсэл бүртгэлтэй байгаагаас өдөр тутамд 400 гаруй мянган тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцож байна.  Харин Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр улсын хэмжээнд 972,  нийслэл хотын хэмжээнд 427 алба хаагч үүрэг гүйцэтгэдэг.

 

Нийслэл хотын хэмжээнд хяналт шалгалтыг хоногт 400 алба хаагчийн бүрэлдэхүүнтэйгээр 117 цэгийг хяналтандаа авч ажиллаж байгаа бөгөөд дүүргүүд дэх захын хорооллуудад хүн хүчний дутмагаас хяналтгүй байгаа хэдий ч “Иргэн бүр цагдаа” уриан дор иргэдээс зөрчлийн талаарх мэдээллийг цахимаар хүлээн авч, шийдвэрлэж байна.

 

2019 оны эхний 2 сарын байдлаар улсын хэмжээнд зам тээврийн ослын шинжтэй 11479 дуудлага, мэдээлэл хүлээн авч 4265 зам тээврийн осол шалган шийдвэрлэсэнээс Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 221 гэмт хэрэг бүртгэгдсэний улмаас 56 хүний амь нас хохирч, 165 хүн хүнд, хүндэвтэр байдлаар гэмтсэн байна.

 

Осол, хэргийн тоон үзүүлэлтийг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад бүртгэгдсэн зам тээврийн осол 21.9 хувиар буурч, Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг 7,3 хувиар өсчээ.

 

Хүний амь нас хохирсон зам тээврийн ослыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад өсөлт, бууралтгүй боловч амь насаа алдсан 56 хүний 43 нь буюу 77 хувь нь орон нутагт үйлдэгдсэн бөгөөд 46,4 хувь нь онхолдох хэлбэрээр, нийслэл хотын хэмжээнд авч үзвэл уулзвар гарц нэвтрэх, хоорондын зай тохируулахгүй байх, эгнээ байр буруу эзлэх зэргээс шалтгаалсан зам тээврийн осол 86 хувийг эзэлж байна.

 

Эхний 2 сард төмөр замын хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчих гэмт хэрэг 1 бүртгэгдсэн бөгөөд галт тэргэнд дайрагдаж нас барсан 1, галт тэргэнд мөргүүлж гэмтсэн 3, хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөн 8 хэрэг тус тус бүртгэгджээ.

 

Орон нутгийн замд тээврийн хэрэгсэл жолоодон хөдөлгөөнд оролцож байгаа жолооч болон явган зорчигч нар анхаарал болгоомжгүй, галт тэрэг ойртон ирж байгааг анзаарахгүй, гэрлэн дохионы заалтыг зөрчиж гармаар нэвтрэн гарах үйлдэл хийж байгаа нь осол гарах шалтгаан нөхцөл болж байна.

 

Тээврийн цагдаагийн албанаас төмөр зам дахь хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр:

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Төмөр зам дахь Цагдаагийн газраас Улаанбаатар төмөр замын шугам зам дагуу ажиллаж амьдарч байгаа мал бүхий иргэдэд төмөр замын аюултай бүсийн талаар мэдлэг мэдээлэл өгөх, галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, галт тэрэгний графикийн бус зогсолтыг таслан зогсоох, малчид малаа хариулгагүй төмөр замын бүсэд нэвтрүүлэхгүй байх, энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох зорилгоор “Аюултай бүс” хэсэгчилсэн арга хэмжээг 14 өртөө зангилаадад зохион байгуулжээ.

 

Мөн улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, боомтод ажиллаж байгаа хууль, хяналтын байгууллагуудын уялдаа холбоог сайжруулах зорилгоор УБТЗ-ын Тээврийн хяналтын албатай хамтран “Улсын хилээр барааг хууль бусаар нэвтрүүлэх гэмт хэргийг шалгаж шийдвэрлэхэд хууль хяналтын байгууллагуудын хамтын ажиллагаа” сэдэвт зөвлөгөөнийг Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хамаарал бүхий 11 байгууллагыг хамруулан зохион байгуулсан байна.

 

Энэ мэтчилэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр тодорхой төрлийн ажил, арга хэмжээг шат дараалан зохион байгуулж, үр дүнг нь тооцон ажиллаж байна.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Мөн алба хаагчдаас өдөр бүр гудамж замд хийж буй хяналт шалгалтаар нийт 347,000 гаруй зөрчлийг илрүүлснээс согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 4200 зөрчлийг илрүүлэн урьдчилан сэргийлэн ажилласан бөгөөд 461 хүнд шүүхээр баривчлах шийтгэл оногдуулан ажиллажээ.                         

 

Түүнчлэн улсын хэмжээнд зам тээврийн ослын улмаас амь нас нь хохирсон хүний 77 хувь нь орон нутгийн замд үйлдэгдсэн байна. Он гарсаар эхний 2 сарын байдлаар бүртгэгдсэн зам тээврийн осол, хэрэг Орхон аймагт 75 хувь, Сэлэнгэ аймагт 2,7 дахин, Төв, Сүхбаатар аймагт тус бүр 2 дахин, амь нас нь хохирсон хүн Дорноговь аймагт 5 дахин, Орхон аймагт 4 дахин, гэмтсэн хүн Төв аймагт 15 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Тээврийн цагдаагийнхаан АРГА БАРИЛАА ӨӨРЧИЛЖ ЗАМЫН ТҮГЖРЭЛД ХҮНИЙ ХҮЧЭЭР БИШ ШИНЖЛЭХ УХААНЧААР ХАНД. ТА НАР ХОЦРОГДОЖ Байна
2019-03-23
Замын цагдаа нарт цаанаас нь тэдэн зөрчил илрүүл, торгууль тавь, төлөвлөгөө биелүүл гээд шахчихдаг юм шиг байна лээ.Манай төр засаг яахав ядарсан ардынхаа татвар, торгуулийн мөнгөөр цоорхой төсвийнхөө алдагдлыг нөхөх гээд хэдэн цагдаа нараа нойр хоолгүй, хүйтэн нойтонд зам дээр зогсоочихно.Ер нь архи уусан үедээ жолоо барилаа гэж хорьж цагдах хэрэг байгаа юмуу. Жолоо барихдаа архи уух эсэхээ өөрөө шийд. Согтуу жолоо барьж яваад хүн дайрч алах, аваарь ослоор олон хүний амь хохироох юм бол санаатай хүн алсан гэдгээр цаазын ял өгдөг чанга хуультай болох хэрэгтэй.Хөдөө орон нутагт хүний амь эрсэдсэн ослын дийлэнхийг согтуу жолооч нар биш, нойрмог үүрэглэж яваад, эсвэл онгирч хурд хэтрүүлж явсан нөхдүүд гаргадаг.
2019-03-22
зочин:
Эх орны төлөө энхийн цагт дайны нөхцөлд ажиллаж байгаа цэргийн хүмүүс. 1000 өдөр тэжээж нэг өдөр ашиглагддаг тавилантай. Төр олон түмэн үнэлбэл тэр л биз. Дайнд үрэгдсэн олон зуун эр цэргүүд ингэж гуншигнаагүй эх орон ард иргэдээ хамгаалсан даа. Дэндүү нялцгай болжээ.
2019-03-22
зочин:
Мөрдөстэй ,хүмүүс тайлбар хийдэг,үйлчилгээний хөлс нэхдэг зангаа болих хэрэгтэй. Гомдол ярих юм бол ажлаа өгчих. Тусгай хангамж тэтгэвэр тэтгэмжинд дуугүй зүтгэх хүмүүс олдоно оо. Онцгой байдлын газар хүн аврана амь насаа алдах хамаагүй гэж тангараг өргөчихөөд,цасанд суусан машин татвал хөлс гэх шиг. Тэнд чинь хүний амь, хөрөнгө ,байгаа бус уу. Ард олон татварын мөнгөө өгөөд л үйлчлүүлж байгаа шүү.
2019-03-22
хуулиа л биелүүлж мөрдөж амьдар... зүгээр дүрмээрээ явахад чинь хэн ч торгохгүй...согтуу битгий машин барь,дүрэм битгий зөрч,суудлын бүсээ цагдаа харуулах биш өөрийнхөө үр хүүхдийнхээ төлөө бүсэл...эгнээ байр зөв эзэлж яв,гэрэл дохиогоо өгч эргэ ердөө үүнийг л шаардаж байгаа юм...хүний өмнөөс амьдарч байгаа мэт бүү аашил...бурууг эхлээд өөрөөсөө...аа бас цонхоороо хог битгий хая бидний эх орон нийслэл хот маань хогын сав биш...
2019-03-22
Иргэн:
Замын цагдаа ХӨДӨЛГӨӨНИЙ АЮУЛГҮЙ БАЙДАЛЫГ ХАНГАХЫН ТӨЛӨӨ БИШ.ТОРГОЖ ШИЙТГЭХИЙН ТӨЛӨӨ АЖИЛЛАЖ БАЙНА ЖОЛООЧ НАРААС ӨӨ ХАЙСАН ТОРГОХ ДААЛГАВАРТАЙ АЛБА БОЛСОН БАЙНА.ЗАМЫН ГОЛД ЗОГСДОГ ЦАГДАА ОДОО НУУГДАЖ ЗОГСДОГ ЮМНЫ ЦААНААС АЖИГЛАЛТ ХИЙГЭЭД ЗОГСДОГ БОЛЖ.АЛИВАА ТӨРИЙН БАЙГУУЛЛАГУУД ЧИГ ҮҮРЭГЭЭСЭЭ ХАЗАЙЖ ТОРГОХ ГЭСЭН ГАНЦ ЗОРИЛГОТОЙ БОЛСОН БАЙНА
2019-03-22
Замын цагдаа нарт цаанаас нь тэдэн зөрчил илрүүл, торгууль тавь, төлөвлөгөө биелүүл гээд шахчихдаг юм шиг байна лээ.Манай төр засаг яахав ядарсан ардынхаа татвар, торгуулийн мөнгөөр цоорхой төсвийнхөө алдагдлыг нөхөх гээд хэдэн цагдаа нараа нойр хоолгүй, хүйтэн нойтонд зам дээр зогсоочихно.Ер нь архи уусан үедээ жолоо барилаа гэж хорьж цагдах хэрэг байгаа юмуу. Жолоо барихдаа архи уух эсэхээ өөрөө шийд. Согтуу жолоо барьж яваад хүн дайрч алах, аваарь ослоор олон хүний амь хохироох юм бол санаатай хүн алсан гэдгээр цаазын ял өгдөг чанга хуультай болох хэрэгтэй.Хөдөө орон нутагт хүний амь эрсэдсэн ослын дийлэнхийг согтуу жолооч нар биш, нойрмог үүрэглэж яваад, эсвэл онгирч хурд хэтрүүлж явсан нөхдүүд гаргадаг.