Норвегид 1300 зорчигчтой хөлөг онгоцны хөдөлгүүр эвдэрчээ
2019-03-25

Норвегийн “Viking Sky” гэх хөлөг онгоцоор зорчиж явсан зарим иргэдийг яаралтай нүүлгэн шилжүүлсэн талаар "Ройтерс" агентлаг мэдээллээ. 

 

 

Тус хөлөг онгоцонд нийт 1300 орчим иргэн зорчиж явсан ба өдгөө 400 орчим иргэнийг нүүлгэн шилжүүлсэн гэж албаныхан уламжлав.  Учир нь уг хөлөг онгоц Норвегийн баруун нутагт орших Мёре-ог-Ромсдал мужийн дэргэд явж байхад гэнэт нэг хөдөлгүүр нь ЭВДЭРСЭН гэнэ.

 

Гэнэтийн үйл явдалтай холбогдуулан хөлгийн ахмад төв станцаасаа тусламж хүссэн ба удалгүй эргийн хамгаалалтынхан ослын газар ирцгээжээ.

 

Бүх зорчигчдод аврах хантааз өмсүүлж, аюулгүй байдлыг чандлан сахисан байна. Нэгэн зорчигч твиттертээ "Яг л Титаник" гэж бичсэн байна. Аврагчид зорчигчдыг нисдэг тэргээр тээвэрлэн аюулгүй газар шилжүүлсээр байгаа аж. 

 

Хөлөг онгоцны дөрвөн хөдөлгүүрийн гурав нь хэвийн үйл ажиллагаатай байгаа учир, хөлөг Молде хотыг чиглэн хөдөлжээ. Багийн гишүүдийн дөрөв нь ОХУ-ын иргэн гэнэ. 

 

Хөлөгт зорчиж явсан нийт зорчигчдын 80 хувь нь АНУ болон Их Британиас ирсэн жуулчид байжээ. Осол болох үед айж сандарсан зорчигчид тавцанд гарахаар тэмцэлдэх үеэр 17 хүн бэртсэн байна. 

 

Урьдчилсан шалгалтаар хөлгийн нэг хөдөлгүүр  далайн шуурганы үеэр ажиллагаагүй болсныг тогтоожээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин