Тууштай хүнийг амьдрал шагнадаг
2019-03-25

Дэлхийн нэг талд наран мандаж, гэрэл гэгээгээ гийгүүлж байхад нөгөө талд нь шөнө болж, харанхуй ноёлдог.  Хүний амьдрал ч яг л ийм. Нэг хэсэг аз жаргалтайгаар хүн болж төрсөндөө баярлаж талархаж байхад нөгөө хэсэг нь харанхуй нөмөрсөн амьдралыг туулдаг.  Гэвч сайн сайхан ирнэ гэсэн хэн бүхний итгэл найдвар дуусашгүй. Яг л шөнө өнгөрч, нар манддагтай адил.

 

Хэдхэн хоногийн өмнө бид та бүхэнд Тавантолгойн нүүрс тээврийн замд осолд орж, хоёр хөлөө алдсан Х.Чулуунбаатарын амьдралын тухай сурвалжлагыг хүргэсэн. Амьдралаа дээшлүүлэх чин хүсэл тээж, нүүрсний замд гарсан тэр хоёр хөлгүй болоод буцаж ирнэ гэдгээ төсөөлөөгүй. Амьдралын энэ хатууг хань нь туулж чадаагүй орхиод одсон ч хоёр хөөрхөн охин нь түүнд жигүүр болон дэргэд нь “жиргэж” буй. Тэргэнцэрт хадагдсан ч ажил хийж, охидынхоо боловсролд зориулан хуримтлал үүсгэх чин хүсэл энэ эр хүний сэтгэл зүрхэнд хадаатай бий.

 

 

Ийм л хугараагүй ноён нуруунуудын бас нэг төлөөлөл өчигдөр Монгол телевизийн Шарк Танк нэвтрүүлэгт оролцож, 70 сая төгрөгийн хөрөнгө оруулалт авч чадлаа. Тэр бол Хөвсгөл аймагт амины орон сууц барьдаг бизнес эрхлэгч Б.Батбилэг. Тэр мөн л авто осолд орж, хоёр хөлөө алджээ.

 

2005 онд авто осолд орж, өмссөн хувцастайгаа үлдэх хүртлээ эмчилгээ хөөцөлдсөн ч тэр хөл дээрээ босч чадсангүй. Эцэстээ тэр хөлгүй болсонтойгоо адил хүн чанар гэх зүйл байдаггүйг ч мэдэрч. Хэдийгээр тэр биеийн тулгуур болох хөлөө алдаж, тэргэнцэрт хадагдсан ч амьдралаа хөл дээр нь босгож чаджээ. Өмссөн хувцастайгаа үлдсэн тэр өнөөдөр бизнес эрхлэгч болж, олон олон гэр бүлийн орон гэрийг бэлдэж, галыг нь бадраасан байна. 0.7 га газарт 70мкв амины орон сууц барьж, борлуулдаг бизнесээ өргөжүүлэхээр Шарк Танкийг зорьж ирсэн зорилгоо ч биелүүллээ.

 

Б.Батбилэгийн амьдралын ханийг Г.Дэлгэрнасан гэдэг аж. Тэр осолд орж, хөлгүй болсон нөхрөө орхиод явсангүй. Харин ч нөхрөө асрахын тулд төрийн албаны ажлаа орхиж, байгаа бүхнээрээ дэнчин тавин ханиа хөлтэй болгохын төлөө тэмцсэн байна. Нөхрийнхөө хөлийг буцаан авч чадаагүй ч амьдралаа эргүүлэн авч чадсан ач гавьяаны эзэн тэр яах аргагүй мөн.

 

Тэргэнцэрт суулаа гэж хэнд ч гомдоллоогүй тэсвэр тэвчээрийг нь, амьдралын төлөө гэх тууштай тэмцлийг нь үнэлж шаркууд тэдэнд хөрөнгө оруулалт хийлээ. Таван шаркийн хэн нь ч тэдэнд эргэлзсэнгүй, дуу нэгтэйгээр дэмжихээ илэрхийллээ. Бүр хоолой зангируулж, нулимс дуслуулан байж тэсвэр тэвчээр, хүсэл эрмэлзлэл, хөдөлмөр зүтгэл, амьдралын төлөөх тэмцлийг нь үнэллээ.

 

Хүн бүр өөр өөрийн гэсэн орон зайг эзлэх гэж энэ хорвоод ирдэг. Харин энэ орон зайгаа өөрийн болгон эзэмших үү, бусдад эзлүүлэх үү гэдэг нь гагц өөрөөс л хамаарна. Амьдралын олон сорилт, бурханы шийтгэл мэт өдөр хоногуудыг давж чадсан тууштай хүмүүсийг амьдрал шагнадаг аж. Тэдний зүрх зориг, итгэл найдвар, тууштай сэтгэл, нөр их хөдөлмөр яг л нар мандахтай адил.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
ХҮН ЧАНАР ГЭЖ БАЙДАГ ЮМ УУ ???:
гэсэн энэ иргэний хариулт Монголчуудын өнөөгийн ТОЛЬ шүү. Монгочууд хүн чанараа алдаж, хүний мөсгүй болсон. Хүний муу үзэж байгаагаа ялж гэж ойлгодог харанхуй нийгэм болсон.
2019-03-25
zochin:
amjilt husie, enkh tsagiin baataruud
2019-03-25
Ard:
Iim setgeltei humuus bhgui bolj hovor bn! Zugeer suuj tsalin awah humuus ih bolson tsag!
2019-03-25
Шаркууд улйсан нь нэн их таалагдав:
Шарк Амартүвшин, Энхтүвшин 2-т "хүн сэтгэл" байгаад үнэхээр талархаж байна. Монголчууд "хүн сэтгэлгүй" болчихоод удаж байна. Хүний муу үзэж, дарамталж, гүтгэж доромжилж ,өр зээлэнд унагааж, аль муугий нь үзэж байгаагаа ялж байна гэж боддог улстөрчид, бизнесменүүд, жирийн хүмүүс ч байна. Хүний муу үздэг хүмүүсийн үр хүүхэд этргэнцэртэй орж ирвэл гар сунгах хүн гарахгүй л болов уу. Үйлийн үрийн өр төлөөс гэж аюултай юм бий дээ.
2019-03-25
Сайн ч сайхан ч эхнэртэй юм:
Жаргал зовлонг хамтдаа туулж яваа танай гэр бүлд сайн сайхныг хүсэн ерөөе.
2019-03-25