Итали, Хятадын санаачилсан "Торгоны зам" төсөлд нэгдлээ
2019-03-25

БНХАУ-ын эрх баригчдын санаачилж, хэрэгжүүлж буй "New Silk Road" буюу "Торгоны зам" төсөлд "Их Долоо" холбооны албан ёсны гишүүн Итали улс нэгдсэн талаар "www.dailymail.co.uk" сайт мэдээллээ. 

 

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин хоёр өдрийн хугацаатай Италийн нийслэл Ром хотноо айлчлал хийгээд, нутгийн зүг хөлгийн жолоо татаад байна. 

 

Си даргын айлчлалын үеэр хоёр улсын эрх баригчид 2,5 тэрбум еврогийн 29 гэрээг амжилттай үзэглэжээ. 

 

Дээрх гэрээ нь БНХАУ-ыг Европтой холбох "Торгоны зам" төслийн хүрээнд зурагдсан гэж Италийн Засгийн газрын хэвлэлийн албанаас уламжлав.  Дэлхийн хамгийн хөгжилтэй топ 10 улсын нэг Итали Бээжингийн санаачилсан "Торгоны зам" төсөлд нэгдэж, хөрөнгө оруулалт авахаар боллоо. 

 

2014 оны нэгдүгээр сард БНХАУ дэд бүтцийн “Торгоны зам” төслийг санаачилсан юм. 

 

Итали улсад өнгөрөгч оны наймдугаар сард гүүр нурсны улмаас 20 гаруй хүн амиа алдсан. Тус улсад тулгамдаж буй томоохон асуудал бол дэд бүтцийн асуудал гэж Италийн Ерөнхий сайд мэдэгджээ.

 

“Торгоны зам” төсөл нь Европ, Азийг холбосон төмөр замын нэг хэсэг гэж тооцогдож байгаа. Европ-Азийг холбосон экспресс төмөр зам нь нь Германы Гамбург хотоос эхэлж, Польш, ОХУ, Казахстанаар дайран Хятадын Шинжань Уйгурын нутгаар дайран Ченду хүрэх 9826 км урт төмөр зам юм. Энэхүү төмөр замын сүлжээг 2013 оны дөрөвдүгээр сард нээсэн бөгөөд өнгөрсөн жил 156 сая ам.долларын ачааг тээвэрлэжээ. Нийт хүчин чадал нь нэг удаадаа 41 чингэлэг ачааг 14 хоногийн хугацаанд Гамбургээс Чендуд тээвэрлэнэ. Хэдийгээр агаарын тээврийг бодвол хоног хугацааны хувьд бага зэрэг удаж байгаа ч, өртөг хямд” хэмээн “China Daily” сонинд бичжээ.

 

“Далайн зам” нь Хятадын Чиндан болон Далянь боомтоос гарч Баруун, Зүүн Хятадын тэнгис, Энэтхэгийн далайгаар Ази тивийн өмнөд хэсгийг ороон явсаар дамжин Суэцийн сувгаар өнгөрч Газар дундын тэнгис хүрнэ. 

 

Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин