Нүүрс тээврийн жолоочид Х.Чулуунбаяр туслах хандивын аяныг эхлүүллээ
2019-03-25

 

Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэлтэд явж, хүнд даацын автомашин жолоодон ажлаа хийж явах үедээ осолдож хоёр хөлөө тайруулж, хөгжлийн бэрхшээлтэй болсон иргэн Х.Чулуунбаярт туслах “Хүн бүр амьд явах эрхтэй” хандивын аяныг “Баянзам” тээвэрчдийн холбооноос эхлүүлжээ. Хандивын аяныг Тавантолгой, Гашуунсухайт чиглэлд нүүрс тээвэрлэдэг жолооч нарын санаачлагаар эхлүүлсэн байна.

 

Х.Чулуунбаяр нь 2017 онд нүүрс тээврийн хүнд даацын автомашин жолоодож яваад бусдын санамсар, болгоомжгүй хурд хэтрүүлсэн үйлдлээс болж автомашинтайгаа онхолдож, улмаар тулгуур эрхтнээ тайруулж, суумгай болсон. Тэрбээр өдгөө хоёр охины хамт дүүгийнхээ байранд түр аж төрж буй. Мөн түүний гэргий хоёр охиных нь хамт орхин явсан нь хүнд цохилт болсон төдийгүй өнөөдөр аав, охин гуравт амьдрах орон гэр хэрэгтэй байгаа талаар өмнө нь ГЭЭГДСЭН...ГЭХДЭЭ АМЬДРАЛД ХАЙРТАЙ нийтлэлд дурдсан билээ. Энэхүү нийтлэлийн мөрөөр манай сайтад Х.Чулуунбаярт туслах хүсэлтэй маш олон хүн хандсан.

 

Тэгвэл Х.Чулуунбаярт тусалж, түүнийг амьдрах орон гэртэй болгохоор “Хүн бүр амьд явах эрхтэй” хандивын аяныг эхлүүлснийг дуулгахад таатай байна. Хэрэв та хэдий хоёр хөлөө тайруулсан ч хоёр охиноороо “жигүүр” хийн амьдарч буй Х.Чулуунбаярт туслахыг хүсвэл ХААНБАНК: 5041545600 тоот дансанд сэтгэлийн хандив өргөж болно.

 

Хүлээн авагчийн нэр: БАЯН ЗАМ ТЭЭВЭРЧДИЙН ХОЛБОО
ХАНДИВ ДАНС: 5041545600
ХОЛБОГДОХ: 8888 1425

 

Энэхүү хандивын аянд түүнтэй адил нүүрс тээвэрлэлтэд явж амь амьдралаа залгуулж буй Цагаанхадны жолоочид идэвхитэй оролцож буй гэдгийг хандивын аяныг зохион байгуулж буй “Баянзам” тээвэрчдийн холбооны тэргүүн М.Нямжав хэллээ.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
Хүмүүсээ энэ залуу 2 бяцхан охинд туслацгаая.
2019-03-25
ЗОЧИН:
Нүүрс тээврийн жолооч нар Х.Чулуунбаярт туслах хандивийн аян эхлүүлээ. гэх байх шүү
2019-03-25