АТҮТ: С зөвшөөрлийн стандартыг тодорхой болгоё
2019-03-27
Гэрэл зургийг MPA.mn

 

Авлигатай тэмцэх газраас Зам, тээврийн хөгжлийн яам, Автотээврийн үндэсний төв болон салбарын иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран “Улс хоорондын байнгын ачаа тээвэр эрхлэх “С” зөвшөөрөл олгох үйл ажиллагаан дахь хүндрэл бэрхшээл, авлига гарах нөхцлийг бууруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулав. Тус хэлэлцүүлэгт холбогдох байгууллагуудын төлөөллөөс гадна "Баянзам тээвэрчдийн холбоо", "Тээвэрчдийн гэргий нарын холбоо", "Таван толгой тээвэрчдийн холбоо", "Арвин зам холбоо" төрийн бус байгууллагын төлөөлөл мөн оролцож санал "С" зөвшөөрөл нүүрс тээвэрт гарч буй хүндрэлийн талаар санал бодлоо илэрхийллээ.

 

Өнөөдөр Монгол улс БНХАУ хооронд нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй буюу С зөвшөөрөл авсан 6781 тээврийн хэрэгсэл байна. Хилээр гарахгүйгээр тээвэр хийдэг хэрэгсэлтэйгээ нийлээд нийт 13079 тээврийн хэрэгсэл бий. Энэхүү хил хооронд ачаа тээвэрлэх зөвшөөрөл буюу АТҮТ-өөс олгодог С зөвшөөрөл нь авлига авах нөхцөл болдог гэдгийг хэлэлцүүлэгт оролцсон төрийн бус байгууллагын төлөөлөгчид хэлж байв. Тухайлбал, С зөвшөөрөлтэй 30 аж ахуй нэгж тухайн зөвшөөрлөөрөө өөр 60 машин явуулах боломж ч байдаг аж. Учир нь С зөвшөөрөлд хяналт тавьж шалгадаг байгууллага байхгүйг хэлж байлаа.

 

Тэгвэл АТҮТ-өөс тээвэрлэлтийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлыг цахимжуулах зорилгоор Автотээврийн тухай хууль болон холбогдох хууль, тогтоомж, дүрэм журмуудад нийцүүлэн тээвэр төлөвлөлт, бүртгэл, зорчих зөвшөөрлийн бичиг олголт, тээвэрлэлтийн статистик мэдээ, тайлан гаргаж, илгээх зориулалт бүхий систем нэвтрүүлэхээр энэхүү системийг нэвтрүүлээд байгаа аж. 

 

Ингэснээр ухаалаг утастай хүн бүр тухайн систем рүү нэвтрэн С зөвшөөрөл авсан эсэхээ мэдэх боломжтой аж.  Энэ систем хэрэгжсэнээр жолооч нарын давхардал, арлын болон улсын дугаарын зөрчилтэй тээврийн хэрэгсэл цахим бүртгэлд бүртгэгдэх боломжгүй болох юм. Иймээс жолооч нар 2-3 компанийн нэр дээр олон зөвшөөрөл авах зөрчил арилах бөгөөд "С" зөвшөрөл авах боломжгүй болно гэдгийг албаныхан хэлж байна. 

 

 

Монгол, Хятад хоёр улсын тээврийн хэлэлцээрийн дагуу тогтоогдсон квот болон уурхайгаас ирсэн саналыг үндэслэн улс хооронд тээвэрлэлт эрхлэх зөвшөөрлийн бичгийг олгоход хилийн татан авалт болон замын нөхцөл байдал бодит байдал дээр ачааллаа дийлэхгүй өрсөлдөөн их байна. Тиймээс эрэлт хэрэгцээ болон боломжит нөхцөл байдлыг хослуулан хэрхэн оновчтой байдлаар шийдэх, ямар баримт бичиг, дүрэм журам стандарт, шаардлага тавих зэргийг тодорхой болгох нь чухал байгааг АТҮТ-ийн мэргэжилтнүүд хэлж байв.


Тухайлбал, нэг талаас төрийн захиргааны болон хяналтын байгууллага зөвшөөрлийн бичиг олголтын асуудалдаа хяналтаа сайжруулах, шаардлагыг өндөрсгөх тухай асуудлыг тавьдаг ч, нөгөө талаас тээвэрлэгч аж ахуй нэгжүүд болон тээвэрлэгчдэд энэ нь шаардлага өндөртэй, хүнд суртал болж тусах нөхцөл байдал үүсдэг аж.

 

Тиймээс авлига ашиг сонирхлын зөрчилгүй, зөв зохион байгуулалтад оруулах, оновчтой хувилбар, гаргалгааг хамтран гаргаж, асуудлыг ил тод, тодорхой болгосноор бүхий л түвшиндээ хүндрэл үүсэхгүй байх боломж бүрдэнэ гэдгийг АТҮТ-ийн удирдлагууд онцоллоо.

 

Мөн албан тушаалтан авлига, ашиг сонирхол үүсгэсэн асуудал байвал хууль хяналтын байгууллага тодорхой мэдээлснээр ил тод, ойлгомжтой, хардлага сэрдлэггүй үйл ажиллагаа явуулахаас гадна болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх ач холбогдолтой гэдгийг хэлэлцүүлгийн үеэр АТҮТ-ийн захирал П.Дэлгэрнаран хэлж байв.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Энэ С зөвшөөрлийг зөвхөн дарамт учруулан авлига авахад зориулан гаргасан шүү дээ. С ээс өмнө тээвэр зүгээр л явж байсан болоод л байсан. Монгол компанид олддоггүй. Хятадуудаас хахуул авдаг. Одоо энэнээс болоод богины тээврийн үнэ уурхайгаас цагаан хад хүрэхээс 2 дахин өндөр. голдуу хятад компаниуд явдаг болсон. Огт байхгүй болго.
2019-03-27