МАН “урьдчилсан хамгаалалт”-даа тэнцэх үү
2019-04-03

Ирэх жилийн энэ үед бус энэ зургадугаар сард эрх баригч хүчин МАН мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, амлалтаа урьдчилсан байдлаар “хамгаалах”-ад цаг үеийн хайчилбар дээр ирээд байна.

 

Учир нь энэ зургадугаар сард Хэнтий аймаг дахь УИХ-ын 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлогдож, бэлтгэл ажил сонгуулийн цаг хугацааны хуваарийн дагуу явагдаж байгаа. Энэ сард гэхэд тухайн тойргийн  нутаг дэвсгэрт сонгуулийн хэсгийн хороог байгуулна. Харин хоёр өдрийн дараа буюу баасан гаригт эхлэх УИХ-ын хаврын ээлжит чуулгантай зэрэгцээд сөрөг хүчин, нийгмийн хөдөлгөөнүүд  эрх баригчдаас амлалт  нэхсэн жагсаал хийхээ мэдэгдсэн. Эрх баригчдад хамаарал бүхий "60 тэрбум", ЖДҮ-чдэд хариуцлага тооцох асуудал  шийдэгдээгүй, тэр дундаа МАН-ын дарга ЖДҮХС-гаас эрх мэдэл, давуу байдлаа ашиглан зээл авсан гишүүддээ хариуцлага тооцох асуудлыг хөндөлгүй өдийг хүрсэн. Энгийн иргэдэд хуваарилагдах зээлийг бүрэн эрхтэй түшээд нь хамаарал бүхий компанидаа авсан нь нийгмийн зэвүү, дургүй хоёрыг зэрэг хүргэсэн үйлдэл. 

 

Эдийн засгаа сэргээж, ажлын байрыг нэмэгдүүлж, түмнээ ядуурлаас гаргах Ардын намын амлалт сонгуулийн дараах бүрэн эрхийн хугацааны гурав дахь ондоо орсон хэдий ч бүрэн хэрэгжээгүйгээс гадна олон нийтэд мэдрэгдээгүй л байгаа. Харин нь ч валютын ханш өдөр бүр нэмэгдэж, энэ хэрээр өргөн хэрэглээний барааны үнэ өсч, цалинг Засгийн газраас үе шаттай гэх тодотолтойгоор ямх ямхаар нэмж байгаа ч өрхийн төсөвт нэмэр болох төдийхөн. Засгийн газар тооцоо судалгаан дээрээ үндэслэн эдийн засаг 6.8 хувийн өсөлттэй гарсан гэх ч өрхийн төсөв, хөрсөн дээр  энэ нь мэдрэгдээгүй, олон нийт бухимдалтай хэвээр. Эдийн засгийг дефольтоос  гаргаж, сэхээний тасгаас жирийн тасагт шилжүүлсэн гэж өөрсдийгөө үнэлсэн үнэлгээг нийгэм таашаан хүлээн аваагүйгээр барахгүй Монгол Улсын дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Өнөөдөр хамгийн хэцүү ажлыг ОУВС хийж байгаа. Энэ засаглаж байгаа хүмүүс жаргаж байгаа. Өнөөдөр эрх баригчид "Эрдэнэс Тавантолгой" компани дээр найрлаж байна. 800 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан "Эрдэнэс Тавантолгой" дээр хэн нь илүү мөнгө авах вэ гэж байгаа. Хөгжлийн банк дээр авлига явж байна. "Эрдэнэт"-ийн 49 хувийг хөөж явуулчихаад тендергүй шалгаруулж, сонгуулийн мөнгөө босгох гэж байна” хэмээн сэтгүүлчдийн асуултад хариулахдаа онцолж, эрх баригчдын “ажил”-ыг үнэгүйдүүлсэн.  Үнэхээр ч ОУВС-гийн “Өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөр”-ийн хүрээнд санхүүгийн сахилга батыг сайжруулж, гадаад, өр зээлүүдээ төлж, валютын урсгалыг оруулж байгаа нь үнэн. Энэ хөтөлбөр ирэх 2021 он хүртэл хэрэгжих нөхцөлтэй.

 

Саяхан “Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хэрэгжилтийн талаар Засгийн газар хэлцэж, 2018 оны байдлаар 50.5 хувьтай байна гэсэн дүнг гаргасан байна лээ. Үүнээс

-  Эдийн засгийн хүндрэлийг даван туулах бодлого 56.2 хувь

-  Эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах бодлого 41.9 хувь

-  Нийгмийн бодлого 51.1 хувь

-  Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлого 48 хувь

-  Засаглалын бодлого 55.4 хувьтай байгаа аж. Цаасан дээрх энэ тоо, судалгааг ямар аргачлалаар тооцон гаргаснаас эс хамаарч нийгэмд эрх баригчид мөрийн хөтөлбөр, амлалтаа хэрэгжүүлээгүй гэсэн бухимдал давамгайлж, 50.5 хувийн хэрэгжилтэд нь үл итгэсэн өнгө анзаарагдаж байна лээ. Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт удааширч байгаа зорилт, арга хэмжээг эрчимжүүлэхийг Засгийн газрын гишүүд, холбогдох агентлагийн дарга нарт үүрэг болгосон байна лээ. Гэхдээ энэ удааширсан хэрэгжилт төрийн албан хаагчдаас бус намаас хамаарч байгааг хэн хүнгүй мэднэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхээр энэ онд хөрөнгө оруулалтыг түлхүү тусгасан. Хаврын урин цаг ирж, хувийн хэвшлийнхэн бүтээн байгуулалтаа өрнүүлээд эхэлсэн энэ цаг дор төсвийн хөрөнгөөр хийгдэх бүтээн байгуулалт тендер зарлах төдий шатандаа явж байгаа нь харамсалтай гэхээсээ ердийн үзэгдэл болтлоо өнгөрсөн хугацаанд хэвшин тогтжээ. Уг нь өнөөдөр эрх баригчид алдсан цаг хугацаагаа нөхөхөөр бүтээн байгуулалтыг өрнүүлэх үе хэдий ч вакумжсан улстөржилтөөсөө гарч чадаагүй л явна.

 

Парламентад олонхийн суудал авсан эрх баригч хүчин МАН өнгөрсөн хугацаанд албан тушаал, эрх мэдлийн төлөө тэмцэлдэж, өнөө ч хагарал нь үргэлжилсээр байгаа. Үүнийг МАН-ын 200 гаруй мянган гишүүний хүрээнд бус парламент дахь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх ба МАН-ын бүлгийн 64 гишүүний эв түнжингээс тод харагддаг. Парламентад үнэмлэхүй олонхийн суудал авсан МАН өөрсдийн байгуулсан Засгийн газраа ч огцруулж, УИХ-ын даргаа ч чөлөөлж, дараагийн УИХ-ын дарга, Засгийн газрыг байгуулан ажиллаж байгаа. Энэ нь өнгөрсөн хугацаанд төр, засаг тогтворгүй байгаагийн илрэл.

 

Тиймээс ч МАН-ын даргын төрсөн нутагт явагдах Хэнтийн нөхөн сонгуулиар эрх баригчид эхний дүнгээ хэрхэн тавиулахаас ирэх сонгуулийн жилийн өнгөө тодорхойлох юм.

Н.Энхбат

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
хэнтий аймгийхан Ерөнхий сайдыг дэмжих байхаа юм болгоныг хийж байгаа нэгнээ хэт харлуулаад байвал яаж хөгжих вэ дээ ер нь боломж бүрдэх маягандаа явж байна гэж ойлгож байна даа
2019-04-04
Би:
Бидэнд хэзээ ч олдохгүй, горьдсон тэнэгүүд
2019-04-04
монгод:
Манайхан жаахан тэс. ЖДҮ чдийг хашрааж ял хэлэлцэнэ. Одоохондоо тэдний кноп хэрэгтэй байна.
2019-04-03
49 -ийг ард түмэндээ өгөхийн тулд шударга бусын хонгилийг нурааж олон том хэргүүдийг шийдэхгүй бол 49 хувъ бидэнд олдохгүй ойлгож байнуу
2019-04-03
ЖДҮ зөвтгөхгүй ч төр засгийн хийж байгаа зүйлийг бүү харлуулаач мэдсээр байж мэдэхгүй царайлаач эдийн засаг сайжирч байна цалин нэмэгдсэн аж ахуй нэгжүүд үйл ажиллагаа сайжирсан бүтээн байгуулалт явагдаж бна саарал усны үйлдвэр, нефтийн үйлдвэр, цэвэрлэх байгууламж, сайжруулсан түлш, гэх мэт салбар салбарт их зүйл хийгдэж байгаа шүү бас шударга бусын хонгилыг нураах цэвэрлэх гээд их зүйл хийгдэж байгаа та үүнийг давхар ярих хэрэгтэй ганцхан ЖДҮ -р бүх юмыг харлуулах гэвэл та чадахгүй та нийтийн эрх ашиг үр хүүхдийн хээ эсрэг байдаг хүн юмуу эрүүл ухаанаар бод эсвэл та хонгилийн гишүүн юмуу
2019-04-03
Zochin:
Ene tor zasag sain ajillakh kheregtei bna ingej aynj bolokhgui ard tumnii amidral unekheer khetsuu bna shuu dee 2020 ond ardiin nam bayartai baikhaa uldej bgaa khugatsaan jaakhan ch gesen yum khii dee
2019-04-03
Ждү-Чид:
Г.Тэмүүлэн, Ё.Баатарбилэг Д.Гантулга Д.Тэрбишдагва Н.Цэрэнбат Б.Бат-Эрдэнэ А.Сүхбат Д.Хаянхярваа Ц.Мөнх-Оргил Ц.Даваасүрэн М.Билэгт Д.Оюунхорол Д.Чойжилсүрэн Б.Энх-Амгалан О.Батнасан С.Чинзориг Ч.Хүрэлбаатар О.Амарзаяа С.Бямбацогт Ц.Цогзолмаа Ө.Энхтүвшин Н.Энхболд Я.Санжмятав Л.Энхболд Б.Ундармаа Г.Солтан Д.Дамба-Очир Х.Нямбаатар Г.Мөнхцэцэг Б.Баттөмөр Ш.Раднаасэд Х.Баделхан Л.Мөнхбаатар Б.Жавхлан Я.Содбаатар Г.Занданшатар Ж.Энхбаяр Л.Энх-Амгалан Ж.Ганбаатар Н.Оюундарь Б.Саранчимэг Т.Тогтохсүрэн Н.Учрал М.Энхболд Х.Болорчулуун Б.Батзориг Д.Амарбаясгалан
2019-04-03
зочин:
Эрдэнэтийн 40%-иа ард түмэндээ хувьцаа болгон өгөө Хүрэлсүхээ,,,мөн Эрдэнэс тавантолгойн хувьцаагаа 40% болгон нэмэгдүүлээ,,ард олон чинь хэцүүдлээ
2019-04-03
Би:
Бидэнд хэзээ ч олдохгүй, горьдсон тэнэгүүд
49 -ийг ард түмэндээ өгөхийн тулд шударга бусын хонгилийг нурааж олон том хэргүүдийг шийдэхгүй бол 49 хувъ бидэнд олдохгүй ойлгож байнуу