Хэрэглээний зээлийн өсөлт саарчээ
2019-04-05

Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын инфляцийн төлөв байдлыг Монголбанкнаас танилцууллаа. Монголбанкны Мөнгөний бодлогын хэлтсийн дарга Н.Ургамалсувд:

 

-Энэ удаагийн төсөөллийг өнгөрсөн 2018 оны 12 сарынхыг энэ оны эхний улиралтай харьцууллаа. 12 сарын төсөөллөөс махны үнэ, импортын барааны үнэ өссөн байна. Харин дотооддын бараа бүтээгдэхүүний үнийн төсөөлөл буурсан.

 

Эдийн засгийн сэргэлт бүх үзүүлэлт дээр ажиглагдаж байгаа. Тухайлбал, инфляци дифляцитай байсан. Одоо 7.3 хувийн өсөлтэй байгаа. Ажилгүйдлийн түвшин 6.6 хувь болж буурсан. 2018 онд өрхийн төсөв бодит өсөлттэй байсан. Хөрөнгө оруулалт өнөөдөр 30 орчим хувийн өсөлттэй гарсан. Валютын нөөц 2016 онд буурсан байлаа. Одоо 3.6 тэрбум ам.доллар болж өссөн. Зээлжих зэрэглэл 2014-2016 онд муудаж байлаа. Өнөөдөр эргээд сайжирсан үзүүлэлттэй байна.

 

Шинээр олгосон зээлийн жигнэсэн хүү 17 орчим хувьтай байгаа. Өмнөх оны мөн үед энэ нь 18 орчим хувьтай байсан. Өнгөрсөн гурван жил хэрэглээний зээл өсөлттэй байсан. Хэрэглээний зээлийн дийлэнх нь цалингийн зээл дээр төвлөрдөг. Он гараад хязгаар тавьсан учир зээлийн хэмжээ буурсан. Хэрэглээний зээлийн өсөлт цаашдаа ч саарна хэмээв.

 

Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ буурч байгаа бөгөөд цаашдаа ч бага зэрэг буурах төлөв гарчээ. Иймээс энэ оны инфляцад нефтийн үнэ нөлөөлөхгүй гэж үзэж байна. Эдийн засгийн өсөлт өмнөх оныхоо төвшинд хадгалагдана. Өнгөрсөн онд хөрөнгө оруулалт сайжирхад Оюутолгойн далд уурхай төсөл нөлөөлжээ. Мөн экспортод гаргадаг бүтээгдэхүүний үнэ дэлхийн зах зээлд өндөр байсан нь таатай нөхцөл бүрдүүлсэн байна.  Бүхий л татварын орлого давж биелжээ. Энэ нь улсын төсвийн алдагдлыг бууруулахад голлох нөлөө үзүүлсэн. Гэхдээ ам.долларын ханшийн чангарал нь төгрөгийг сулруулсан.

 

Төв банк үүний эсрэг тодорхой бодлого хэрэгжүүлсэн, мөн өнгөрсөн онуудад мөнгөний бодлогоо зөөлрүүлэх арга хэмжээ авснаар зээлийн хүү буурч, зах зээлд оролцогчдын итгэлийг нэмэгдүүлжээ. Цаашдаа өсөлт өмнөх оны төвшинд хадгалагдах төлөв гарсан бөгөөд өрхийн хэрэглээ, орлого нэмэгдэх хандлагатай байна.  Үүнд Засгийн газраас цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмсэн нь мөн эерэг нөлөө үзүүлсэн. Энэ онд гадаадын хөрөнгө оруулалт төдийлөн нэмэгдэхгүй ч төсвийн хөрөнгө оруулалт 3.2 их наяд төгрөг болж, нэмэгдэнэ. Дотоодын хөрөнгө оруулалт нэмэгдэнэ, бизнесийн зээл өмнөх оныхоос нэмэгдэх хүлээлттэй байна.

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин