“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аян эхэллээ
2019-04-09

Өчигдөр буюу 2019 оны 04-р сарын 08-ний өдөр 6 сарын туршид улс орон даяар хэрэгжих “Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аяны нээлт болов. Төв банкны хурлын танхимд болсон нээлтийн үйл ажиллагаанд Монголбанк, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Татварын Ерөнхий Газар, арилжааны банкны төлөөлөл болоод алт үйлдвэрлэгч иргэд, аж ахуйн нэгжийн төлөөлөл оролцсон бөгөөд өөр өөрсдийн салбарт тулгамдаж байгаа, цаашид бодлогын шийдэл хүлээж буй асуудлуудаа танилцууллаа.

 

“Эх орныхоо алтыг Эрдэнэсийн сандаа” аянаар иргэн, аж ахуйн нэгжийн олборлосон алтыг Монголбанкинд болон арилжааны банкуудад худалдах явцыг идэвхжүүлэх замаар алт худалдан авалтыг нэмэгдүүлэх, иргэд, олон нийтийн дунд алт худалдан авах үйл ажиллагааны талаар сургалт, сурталчилгааг эрчимжүүлэх, холбогдох хууль, журмыг таниулахад төрийн болон төрийн бус байгууллагууд хамтран ажиллана. Түүнчлэн алтны гарал үүслийг тодорхой болгох, улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх явдлыг таслан зогсоох, алт олборлогч, худалдан авагчийн нэгдсэн платформ, програм хангамжийг Ашигт малтмал, газрын тосны газар болон бусад холбогдох төрийн байгууллагуудтай хамтран судалж, бий болгох зэргээр бодлогын шинжтэй олон ажлыг хийж хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.


Эх  сурвалж: Монголбанк

Shuud.mn
Сонин хачин