“Оюутолгой”-н 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээний аудит төсөвгүйгээс хасагджээ
2019-04-10

Төсвийн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Аудитын газрын 2020 онд гүйцэтгэх аудитын сэдэв батлах тухай байнгын хорооны тогтоолын төслийг танилцуулав. Оюутолгой төслийн нэг ба хоёрдугаар шатны хөрөнгө оруулалтын гүйцэтгэл, хувь эзэмшигчдэд ногдох хөрөнгө оруулалт, хөрөнгө оруулагчдад зориулсан зээл, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдлын аудит, газрын тосны чиглэлээр үйл ажиллагааны экспорт, концессийн гэрээний аудитын төсөв, зардал нь батлагдаагүй учир хасагдах санал гаргаж байлаа. Мөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд аудит хийх саналыг гаргалаа.

 

Хөшигийн хөндийн олон улсын нисэх онгоцны буудал барих төсөлд аудит хийх, Газрын тосны үйлдвэр барих төсөлд ТЭЗҮ хийх, орон нутгийн хөрөнгө оруулалтын сангийн үр дүнд аудит хийхээр төсөлд тусгажээ. Танилцуулгыг Ерөнхий аудиторын үүрэг гүйцэтгэгч Д.Хүрэлбаатар хийв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж хариулт авлаа.

 

УИХ-ын гишүүн О.Батнасан:

 

-Байнгын хорооны хуралдаан даар хяналт, мөрдөн шалгах ажиллагаа явуулаад байх юм. Хүн хүч хэр ачаалалтай ажилладаг вэ?. Хуулийн байгууллагын шалгаж байгаа хэрэг дээр танайх хяналт тавьж байна уу? Дубайн гэрээний шалгалтыг хийгээч ээ. Төсвийг нь батлах хэрэгтэй.

 

Ерөнхий аудитор Д.Хүрэлбаатар:

 

Үндэсний аудит жилдээ 425 нэгжийн 6800 аудит дээр ажиллаж байна. Зөвхөн санхүүгийн аудитын 51 хувийг хийж байна. Хийж байгаа аудитынхаа 31 хувийг хувийн аудитын байгууллагаар хийлгэж байна. Жилд Үндэсний аудит дээр ажиллаж байгаа аудит 50 мянган цаг илүү ажиллаж байгаа. Хуулийн байгууллагын холбогдолтой асуудлаар тухайн байгууллага асуудал ирүүлдэг. Бид хуулийн байгууллагаас тавьсан акт дээр хариуцлагатай ажиллаж байгаа. Энэ жил зөрчлийн хуудсаар 687 албан хаагчид хариуцлага тооцсон.

 

Нийслэлийн аудитын газрын дарга н.Энхбат:

 

-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөний Дубайн гэрээнд аудитыг хийж дууссан. Зардлын асуудал Оюутолгой төслийн нэг, хоёрдугаар шатны гүйцэтгэл, ирээдүйд төлөгдөх өр төлбөрийн байдлаар зөвлөх шинжээчийн зардал шийдэгдээгүй байгаа учраас албан бичиг хүргүүлсэн байгаа.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат:

 

-УИХ-д оруулж ирсэн асуудлыг ярилцаад, шийдээд явах байх. Аудитын байгууллага өөрөө УИХ-ын дэргэдэх бүтэц. УИХ-аас томилогддог. Тийм учраас УИХ-аас гарч байгаа шийдвэрүүд дээр аудитын эрх бүхий асуудал анхаарах хэрэгтэй. Дубайн гэрээг цуцлах ажлын хэсэг гараад ажиллаж байна. Дубайн гэрээг маш сайн шалгах хэрэгтэй. Улс орны эрх ашигтай холбоотой улсад орж ирэх мөнгө алга болсон гэдэг асуудал дээр аудитын байгууллага цэг тавих ёстой. Хэвлэл мэдээлэл гэдэг бол үндэстэн дамнасан корпораци дээр хэцүү болсон.

 

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбатын асуултад “Дубайн гэрээнд аудит хийгээд дууссан. УИХ-ын ажлын хэсэгт тайлан хүргүүлсэн. Ерөнхий аудитын эрх түдгэлзсэнтэй холбоотой энэ аудит баталгаажаагүй байгаа. Мэргэжлийн хүмүүсийн үнэлгээг гаргасны дараа УИХ дүгнэсэн бол ач холбогдолтой байсан гэж Үндэсний аудит дүгнэсэн. Хасагдаж байгаа сэдэв бол 7.5 тэрбум ам.долларын өртөгтэй гэрээг шалгах асуудал хасагдаж байгаа. Учир нь энэ аудитын зардал бидний санал болгосны нэг хувьд ч хүрэхгүй байгаа.” гэсэн хариултыг ажлын хэсэг өглөө.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин