Хятадад жилийн хугацаанд 1000 гаруй хүнийг цаазаар авчээ
2019-04-11

Олон улсын "Эмнести интернэшнл" байгууллага олон улсад өнөөг хүртэл хүчин төгөлдөр хэрэгжиж буй цаазаар авах ялын гүйцэтгэлийн талаарх албан ёсны тайлангаа өнөөдөр нийтийн хүртээл болгосон талаар тус  байгууллагын албан ёсны цахим хуудас "www.amnesty.org" сайтад нийтэлжээ.

 

 

Тус тайлангийн эхлэл хэсэгт 1999 оноос хойш цаазаар авах ялын гүйцэтгэл 31 хувиар багассан болохыг дурьджээ.

 

Өнгөрөгч 2018 онд уг гүйцэтгэл хамгийн бага хувьтай байсан гэнэ. Мөн олон орон цаазаар авах ялаас татгалзах шат дараатай алхмуудыг хийж эхэлсэн нь эерэг уур амьсгал бүрдүүлж буйг тайланд онцлон тэмдэглэжээ.

 

Тэгвэл өнгөрөгч онд БНХАУ-д 1000 орчим иргэнийг хуулийн дагуу цаазаар авчээ. Энэ тоо нь 2015, 2016 оныхтой харьцуулахад 15-20 хувиар бага аж.  Албан бус эх сурвалж "Өнгөрөгч онд цаазаар авахуулсан ихэнх нь хэрэгтнүүд хар тамхи, хүний наймаа болон авлигатай холбоотой байсан" гэж мэдэгдэв. 

 

Иран улсад өнгөрөгч онд 250 гаруй, Саудын Арабт 149, Вьетнам 85, Ирак улсад 52 хүнийг тус тус цаазаар авчээ. 

 

Гэхдээ энэхүү тоо баримт зөвхөн таамаг төдий гэж албаныхан онцлоод "Дээрх орны эрх баригчид цаазын ялын гүйцэтгэлийн талаарх дэлгэрэнгүй тайланг мэдээлэхээс татгалзсан" гэлээ. 

 

Мөн дээрх тайланд цаазын ялын гүйцэтгэл нэмэгдсэн орнуудаар Беларусь, Япон, Сингапур, Өмнөд Судан, АНУ-ыг нэрлэсэн байна. 

 

Тайланд улс 40 жилийн тэртээ цаазаар авах ялаас татгалзсан ч 2009 онд уг ялыг эргэн сэргээсэн юм. Өмнөд Суданд саяхан  олон бүсгүйчүүдийг хүчирхийлж, хөнөөсөн залууг цаазаар авчээ. 

 

Японы эрх баригчид "Сүүлийн үед онц хэрцгий хүн амины хэрэг их гарах болсон. Улмаар цаазаар авах ялыг гүйцэтгэх нь хамгийн чухал алхмуудын нэг болсон" гэж мэдэгджээ. 

 

Мөн БНХАУ, Иран, Сингапур, Саудын Араб улс хар тамхины хууль бус наймаачдад цаазын ял оноодог билээ. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин
Pee яанаа ямар их хүнийг уаазлаа вэ
2019-04-11
mgl:
Manaih avilgachdaa tsaazaar avch baiya.
2019-04-11