Найман хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна
2019-04-17

Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан, Улаанбаатар хотын ерөнхий менежер Т.Гантөмөр, УСУГ-ын дарга Т.Төрхүү нар төв цэвэрлэх байгууламжид гарсан үйлдвэрлэлийн ослын талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Тус осолтой холбогдуулан нийслэлийн Засаг даргын захирамжаар шуурхай ажлын хэсэг байгуулагдсан байна. Ажлын хэсэг үүссэн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, шуурхай арга хэмжээ авах үүрэг чиглэлтэй аж. Мөн үйлдвэрлэлийн ослын шалтгааныг тогтооход дэмжлэг үзүүлэх юм байна. Үүнээс гадна нас барсан ажилтнуудын ар гэрт дэмжлэг үзүүлэх ажлыг зохион байгуулна.  

 

Нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан ослын талаар өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд танилцуулсан байна. Ерөнхий сайдын зүгээс албан үүргээ гүйцэтгэж байгаад амь насаа алдсан албан хаагчдын гэр бүлд эмгэнэл илэрхийлснийг хотын орлогч дарга Ж.Батбаясгалан дамжууллаа.

 

Тухайн үед ажиллаж байсан цэвэрлэх байгууламжийн үндсэн 4 албан хаагч, гэрээт байгууллагын 1 ажилтан хурц хордлогод орж, эмнэлэгт хүргэгдсэн. Мөн тухайн үед ажиллаж байсан хүмүүс нэмэгдэж, нийтдээ 8 хүн хордлого тайлах эмчилгээ хийлгэж байна. Тэдний биеийн байдал хэвийн байгаа аж.

 

Төв цэвэрлэх байгууламжинд 50-60 см зузаан лаг хуримтлагдсан байна. Үүнийг татан зайлуулах ажил одоо хийгдэж буй.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин