М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг Ерөнхий прокурорын орлогчоор томилохыг дэмжив
2019-04-17

Хуульзүйн байнгын хороо хуралдлаа. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Улсын ерөнхий прокурорын орлогч нарыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Ерөнхийлөгчийн зүгээс УИХ-д Ерөнхий прокурорын саналыг үндэслэн М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг  Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд томилох асуудлыг зөвшилцөхөөр хүргүүлсэн. 

 

 

Нэр дэвшигч М.Чинбат нь Сүхбаатар аймагт төрсөн, 46 настай эрэгтэй. Эхнэр гурван хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1989 онд Сүхбаатар аймаг, Наран сумын 8 жилийн сургууль, 1991 онд Сүхбаатар аймаг, Баруун-Урт, 1 дүгээр 10 жилийн дунд сургуулийг төгссөн байна. 1995 онд МУИС-ийн Хууль зүйн сургууль, эрх зүйч мэргэжлээр төгссөн, Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй.Тэрбээр 1995-1997 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Хяналтын прокурор, 1997-2001 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурорын орлогч, 2001-2007 онд Сүхбаатар аймгийн прокурорын газарт Аймгийн прокурор, 2007-2011 онд Багануур дүүргийн прокурорын газарт Туслах прокуророор тус тус ажиллаж байжээ. 2011-2014 онд Багануур дүүргийн прокурорын газарт Орлогч прокурор, 2014-2015 онд Дүүргийн I прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2015-2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Хяналтын прокурор, 2017 онд Баянгол дүүргийн прокурорын газарт Тамгын хэлтсийн дарга, 2017-2019 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оны хоёрдугаар сараас одоог хүртэл Улсын Ерөнхий прокурорын газарт Хяналтын хэлтсийн прокуророор ажиллаж байгаа юм байна. 

 

Улсын ерөнхий прокурорын орлогчын албан тушаалд нэр дэвшигч Содонгийн Алиманцэцэг нь 47 настай, эмэгтэй. Нөхөр, хүүхдийн хамт амьдардаг байна. Тэрбээр 1990 онд 10 жилийн 3 дугаар сургуулийг төгсөж, 1997 онд МУИС-ийн Хууль зүйн сургуулийг эрх зүйчээр төгссөн байна. Хууль зүйн ухааны магистрийн зэрэгтэй. Нэр дэвшигч С.Алиманцэцэг нь -1997-2001 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2001-2002 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002 онд Чингэлтэй дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2002-2005 онд Баянгол дүүргийн прокурорын газарт хяналтын прокуророор тус тус ажиллажээ. 2005-2010 онд Улсын ерөнхий прокурорын газарт хяналтын прокурор, 2010-2012 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт хяналтын прокурор, 2012-2014 “МИАТ” ТӨХК-д хуулийн хэлтсийн даргаар ажилласан байна. 2014-2015 онд Нийслэлийн прокурорын газарт хяналтын прокурор, 2015 онд дүүргийн нэгдүгээр прокурорын газарт хяналтын прокурор, 2015-2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт туслах прокурор, 2018 онд Сүхбаатар дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаад 2019 оноос Чингэлтэй дүүргийн прокурорын газарт ахлах прокуророор ажиллаж байгаа аж.. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж үг хэллээ. 

 

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав:

 

-Та бүхнийг шүүх, хуулийн байгууллагад эрс шинэчлэл хийнэ гэж томилж байгаа. Та бүхэн ямар шинэчлэл хийх гэж байна. Үйл ажиллагааны шинэчлэл шаардаж байгаа шүү.Эдийн засгийн гэмт хэрэг маш их байна. Хуулийг дордуулж хэрэглээд байх юм. Э

 

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч М.Чинбат:

 

-Хуулийн байгууллагын өөрчлөлт, шинэчлэлт, нийгмийн уур амьсгалыг прокурорын байгууллага мэдэрч, арга барилаа өөрчлөх нөхцөл байдалд тулсан байна. Эдийн засгийн гэмт хэргийн асуудал хуулийн байгууллагын хуулийн хэрэглээний том асуудал. Энэ тал дээр прокурорын байгууллага хэргийг шүүхээр шийдвэрлүүлэхдээ сайн ажиллах ёстой. Хуулийн хэрэглээний зарим асуудлыг арилгах тал дээр ажиллана. Шинэ таван хуулийг үзэл баримтлалд нь нийцүүлж, нэгдсэн ойлголтод хүрэх хэрэгтэй. 

 

Ерөнхий прокурорын орлогчид нэр дэвшигч С.Алиманцэцэг:

 

-Прокурорын байгууллага олны анхаарал татсан хэргүүдийг нэн даруй шуурхай шийдвэрлэх ёстой. Ингэхдээ хохирсон хүнийг хохироохгүй, нийгмийн хандлагыг анхаарч, үнэнч шударга байдлаар шийдвэрлэх анхаарч ажиллах болно. Манай прокурорын салбарт эдийн засгийн, компьютерийн, авлигын эсрэг мэргэшсэн прокурорыг бэлтгэх цаг болсон. 

 

Ийнхүү санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 80 хувийн саналаар Ерөнхий прокурорын орлогчийн албан тушаалд нэр дэвшигч М.Чинбат, С.Алиманцэцэг нарыг дэмжив. 

Н.Энх

Shuud.mn
Сонин хачин
Чинбат прокурор хаана ч гологдохгүй сайн прокурор, сайн хүн шүү асуудалд бодитой хандаж чаддаг ийм хүнээр удирдуулахад хурдан цэгцэрнэ дээ
2019-04-17
ЗОЧИН:
ШЕФ ГЭЭД ОРОС КИНОНЫ РАСТОРГУЕВ ШИГ БИШ ГЭХДЭЭ ОЙРОЛЦОО АЖЛААРАЙ. НЭГ ДОР АЖИЛЛАЖ БАЙСАН ХҮМУУС БАЙНА.
2019-04-17