Пхеньян, Америк сайдыг яриа хэлэлцээрээс хасахыг шаардлаа
2019-04-18

АНУ-Хойд Солонгосын дундах яриа хэлэлцээрт ахиц гарахгүй, дахин тодорхойгүй нөхцөл байдал үүслээ.

 

 

ТРАМП-КИМ нарын эхний уулзалтын дараа цөмийн хөтөлбөр, пуужингийн хөтөлбөрөөсөө шат дараатай татгалзахаа амлаад буй Хойд Солонгос улс өчигдөр тактикийн шинэ зэвсгээ туршиж, АНУ-ын уурыг хүргээд амжив.

 

Уг туршилтыг удирдагч Ким Чен Ун удирдан явуулсан нь олон улсын анхаарлыг татаж байна.

 

Тэгвэл хоёр улсын яриа хэлэлцээрт ахиц гаргахын тулд АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпеогийн оронд илүү туршлагатай эрхмээр солихыг Пхеньян уриалсан талаар Өмнөд Солонгосын "www.yna.co.kr" агентлаг уламжилжээ. 

 

Энэ талаар  Хойд Солонгосын Гадаад хэргийн яам дахь АНУ-ын департаментын захирал Квон Чон Гук мэдэгджээ. Тэрбээр "Хоёр улсын дунд үүсээд буй нөхцөл байдал хэсэг хугацааны намжин гэдэгт итгэлтэй байна. Гэхдээ Хойд Солонгосын эрх баригчдын ярьж, хэлж буй зүйлийг бүрэн ойлгох чадвартай хэн нэгэн манай улстай хэлэлцээр хийхийг хүсч байна" гэж хэллээ. 

 

Америк сайдыг эрх баригчдын байр суурийг ойлгох чадваргүй гэж шүүмжилжээ. 

 

ТРАМП-КИМ нар өнгөрөгч хоёрдугаар сард Вьетнамын Ханой хотноо уулзсан ч тодорхой шийдэлд хүрч чадалгүй нутаг буцсан билээ.

 

Ким Чен Ун улсынх нь эсрэг хэрэгжүүлж буй бүх хориг арга хэмжээг цуцлахыг Трампаас шаардсан аж. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин