Худал мэдээллээс айсан Шри Ланк нийгмийн сүлжээг ХОРИГЛОЛОО
2019-04-24

Халдлагатай холбоотойгоор тус улсад олон сая хэрэглэгчтэй нийгмийн сүлжээг хааж, хуурамч мэдээлэлтэй тэмцэж эхэлсэн талаар Британийн “ВВС” агентлаг мэдээллээ.

 

 

Шри Ланк улсад өнгөрөгч амралтын өдөр христийн шашинтнуудын хувьд чухалд тооцогдох “Улаан өндөгний баяр”-ын үеэр цуврал халдлага болсон юм. Цуст халдлагаар 312 хүн хорвоогийн мөнх бусыг үзүүлж, 500 гаруй хүн гэмтэж, хэвтэн эмчлүүлсээр байна. Нийт гурван газар найман удаагийн хүчтэй дэлбэрэлт болжээ. Биедээ их хэмжээний тэсрэх бөмбөг бэхэлсэн 20-30 орчим насны амиа золиослогч долоон этгээд христийн сүм болон гадаадын иргэдийг гол байгаа болгожээ. Цагдаагийнхан халдлагатай холбогдуулан 40 этгээдийг баривчилсан гэнэ. Эхний дэлбэрэлтээс удалгүй Засгийн газар орон даяар нийгмийн сүлжээний серверийг унтрааж, иргэдээ нийгмийн сүлжээнд нэвтрэх эрхийг тодорхойгүй хугацаагаар хоригложээ. Дээрх үйлдлээ эрх баригчид “Худал, алдаатай мэдээлэл нийтэд түгэхээс сэргийлж,  нийгмийг сүлжээг хязгаарлах шийдвэр гаргалаа” гэж тайлбарласан байна. Учир нь халдлагын дараахан иргэд ямар ч баталгаагүй мэдээллийг дэлхий даяар тарааж, хэвлэлүүд албан ёсны эх сурвалжтай мэдээллийг түгээж амжаагүй байхад цуст халдлагын талаарх мэдээлэл нийгмийн сүлжээг ЭЗЭГНЭЖЭЭ. Хэрэглэгчид зөв, бурууг тунгаахгүйгээр худал мэдээллийг нийгмийн сүлжээнд нийтэлсэн нь эрх баригчдыг ихээхэн эгдүүцүүлсэн гэнэ.

 

Орон даяар “Facebook”, “WhatsApp”, “Instagram”, “YouTube”, “Snapchat”, “Viber” болон мессенжерийг бүгдийг нь хориглоод байна. Иргэд “нийгмийн сүлжээний амыг тагласан нь зөвхөн нэр хүндээ авч үлдэх гэсэн эрх баригчдын башир арга” хэмээн Засгийн газраа буруутгах хандлага газар авчээ. Шри Ланкийн Ерөнхий сайд Ранил Викрамасингх “Баталгаагүй мэдээлэл тарахаас болгоомжлох хэрэгтэй. Хуурамч мэдээлэл террористуудыг улам өөгшүүлж, хууль бус үйдлээ давтахад хүргэж болзошгүй” гэж анхааруулжээ. Нийгмийн сүлжээг хязгаарлах үйл ажиллагаанд твиттер сүлжээ ганцаараа СУГАРЧ үлдсэн гэнэ.

 

Шри Ланкт твиттер хэрэглэгчдинй тоо бусад улстай харьцуулахад хэтэрий бага гэнэ. Гэхдээ эрх баригчид твиттер дэх хяналтаа чангаруулсан ба халдлагатай холбоотой жиргээ нийтлэхгүй байхыг урьдчилсан сануулжээ. “Шаардлагыг биелүүлэхгүй, зөрүүдэлсэн болжморыг  хуулийн дагуу шийтгэнэ” гэж сүрдүүлсэн байна. Нийгмийн сүлжээнээс гадна зарим цахим сайтуудын үйл ажиллагаа доголдож эхэлжээ. Нийгмийн сүлжээг хязгаарлах бодлогоос болж, дэлхийн томоохон хэвлэлүүд цуст халдлагатай холбоотой сүүлийн үеийн мэдээллийг цаг тутам хүлээн авах боломжгүй болсон гэнэ. Тэд зөвхөн Шри Ланк дахь сэтгүүлчтэйгээ утсаар холбогдож, мэдээлэл авч буй аж.

 

Тус улсын түүхэнд нийгмийн сүлжээг бүхэлд нь хязгаарласан тохиолдол бүртгэгдэж байгаагүй юм. Гэхдээ жилийн өмнө фэйсбүүкийг хэсэг хугацаанд хязгаарлаж байсан удаатай.  Учир нь тус нийгмийн сүлжээнд шашны цөөнх исламын шашинтнуудын эсрэг явуулж буй хүчирхийллийн талаарх дүрс бичлэгүүд тарсан учир тодорхойгүй хугацаагаар үйл ажиллагааг нь зогсоох шийдвэрийг эрх баригчид гаргаж байв. Шри Ланкаас гадна Мьянмар улсын Засгийн газар өнгөрөгч оны арваннэгдүгээр сард фэйсбүүкийг хаасан билээ.

 

Мьянмарын армийнхан шашны цөөнх роханжи иргэдийн эсрэг хүчирхийлэл явуулж эхэлсэн юм. Уг үйл явдалтай зэрэгцэн тус хүчирхийллийн талаарх зураг, бичлэг зэрэг фэйсбүүк хуудсаар таржээ. Фэйсбүүк хэдий хэрэглэгчийн оруулсан материалыг оруулах, нийтэд түгээх үүрэгтэй ч өөрт байгаа давуу талаараа олон орны хууль бус үйлдлийг өнгөтөөр гэрчилсээр байна. Тиймээс дэлхийн олон орон фэйсбүүкээс ихээхэн болгоомжилдог. Шинэ Зеландын Ерөнхий сайд Жасинда Ардерн нийгмийн сүлжээг хориглодоггүй ч иргэдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх талбарыг буруугаар ашиглахыг хориглодог юм.

 

Тус улсад хоёр сарын өмнө террорист халдлага болж, 50 хүн амиа алдсан юм. Халдлага үйлдсэн Австрали залуу хэрэг үйлдэхээсээ хэдхэн минутын өмнө “Шинэ Зеландыг цусанд живүүлэх болно” гэх дүрс бичлэгээ нийгмийн сүлжээндээ нийтэлсэн байжээ.

 

Халдлага үйлдэгчээс нийгмийн сүлжээнийхэн болгоомжлохгүйгээр түүний хууль бус үйлдлийг сайшаан магтсан сэтгэгдэл үлдээж, амжилт хүссэн олон сэтгэгдэл байсныг Ерөнхий сайд мэдэгдлийнхээ үеэр онцолсон юм.

 

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn
Сонин хачин