Хоцрогдож, хөгшрөхийг хүсдэггүй 70 настай талбайн зурагчин
2019-04-25

Сүхбаатарын талбайн хөшөөний гинжин дээр ах, эгч нартайгаа сууж авхуулсан гэрэл зураг аавын гэрийн жаазанд одоо ч бий. Үрчийж, муудсан, өнгө нь хуучирсан ч ээж тэр зурганд их хайртай. Анх удаа дөрвөн хүүхэдтэйгээ Улаанбаатар хотод ирсэн нь, тэгээд ажил болгон талбай орж зураг даруулсан нь тэр аж. Тиймээс хачин их нандигнана.

 

 

Дараа нь би 2011 онд оюутан болж хотод ирсэн жилээ дахин нэг удаа Сүхбаатарын хөшөөний дэргэд найзтайгаа номхон зогсож байгаад зураг авхуулсан. Тэрнээс хойш гэрэл зураг авхуулхаар талбайг зориогүй юм. Миний адил одоо зураг авхуулахаар талбайг зорьдог хүн ховордсон. Гэхдээ “талбайн зурагчид” одоо ч тэнд олны аз жаргалыг мөнхөлсөөр зогсоно.

 

Тэдний нэг Сүхбаатарын талбайд 28 жил зураг авч бусдын жаргалтай инээмсэглэлийг хальсандаа мөнхөлсөн Бямбаагийн Тулгабат хэмээх эгэл хүмүүнтэй ярилцлаа. Одоогоос хэдхэн жилийн өмнө талбайн зурагчид “од” байсан гэнэ. Өнөөдөр харин хүмүүс гар утсаараа л зураг авхуулчихдаг болсон. Гэсэн ч гэрэл зурагчнаар зургаа авхуулж, түүнийгээ угаалгаж альбомдоо хадгалах хамгийн үнэ цэнэтэй гэдгийг тэр хэлсэн.

 

Цэрэгт мордохдоо ч аппаратаа үүрээд явсан

 

 

Өдгөө 70 насны босгыг алхсан ч “Би хөгшрөх, хоцрогдохыг хүсдэггүй” хэмээн хүйтнийг ажралгүй талбайн дундуур аппаратаа үүрэн алхах нь аанай л залуу хүн гэлтэй. Тэрбээр 16 наснаасаа гэрэл зураг сонирхож “Зорький” гэх жижигхэн аппаратаар өдөржин хаа явсан газраа гоё сайхан зүйлсийг хальсандаа буулгадаг байжээ. Түүнийгээ гар аргаар шөнөжин угааж нойргүй шахуу хонодог нэгэн байж.

 

Гэрэл зурагт “зүрхээ” өгсөн хүү цэрэгт явахдаа ч аппаратаа үүрээд явжээ. Цэргээс халагдаж ирээд Тээврийн сургууль, Механик инженерийн сургуульд 36 багшилсан төдийгүй энэ үед ч гэрэл зургаа “гээсэнгүй”. Нэг өдөр сургуулийн зүг талбай дундуур алхаж явтал Сүхбаатарын талбайн байцаагч эмэгтэй зурагчдыг шалгаж татвар авч байхтай таарч “талбайн зурагчин” болох хүсэлтээ илэрхийлэхэд таатай хүлээн авч хог цэвэрлэгээний мөнгө болох 500 төгрөг хураалгаад ажиллаж болно гэжээ. Б.Тулгабат гуайн “талбайн зурагчин” болсон түүх энэ.

 

200 гаруй зурагчин байснаас одоо 50 гаруй нь тогтмол зогсдог

 

Ингэж Сүхбаатарын талбайтай амьдралаа холбож 28 жилийн турш зураг авч, Сүхбаатарын талбайн зурагчдын “Дурсамж” холбооны ҮЭ-ийн даргаар ч сонгогдоод амжиж. Энэ талаар тэрбээр “Анх Нямжав гэдэг хүн энэ холбоог үүсгэн байгуулсан байдаг. Анх талбайд танхай залуус зураг авдаг байлаа. Бид тэднийг нэг хэвэнд оруулж, дүрэм журамтай, хантаазтай, дугаартай болгосон гэж хэлж болно. Ингэж гэрэл зурагчид хөл дээрээ боссон. Хамгийн анх 1998 онд Сүхбаатарын талбайд зураг авах, хувийн үйлдвэрлэл явуулах асуудлыг хотын захиргаанаас тогтоол шийдвэр гаргасан гэдэг. Улмаар дөрвөн зурагчин анх талбайд зураг авч эхэлсэн бол сүүлдээ өргөжсөөр 200 гаруй зурагчин болж байв. Өнөөдөр тогтмол 50 орчим зурагчин өвлийн хүйтэн, зуны халуунд тасралтгүй зогсож байна. Бидэнд төлөвлөгөө байхгүй. Цаг байхгүй. 12 цаг ажиллаж болно 30-40 минут ч ажиллаж болно. Энэ бол чөлөөт хөдөлмөр” гэв.

 

Одоогоос 8-9 жилийн өмнө орлого сайн байсан гэнэ. Тухайн үед өдөрт 30-40 мянган төгрөг олдог байсан. Аз тохиовол 100-200 мянган төгрөг ч олдог байжээ. Б.Тулгабат гуай “Одоо бол тийм аз, орлого олохоо байсан. Учир нь ухаалаг утас гарсан. Талбай дээр ирсэн хүмүүс гар утсаараа зургаа авхуулчихаад л яваад өгч байна. Гэхдээ гар утсаараа зураг аваад л байна. Хадгалж явсаар устгачих эсвэл утсаа гээх тохиолдол байдаг. Гэтэл зураг авхуулсан тэрхэн агшин дахиж хүнд хэзээс ирэхгүй нь харамсалтай. Хүн хэзээ ч уйтгартай, гунигтай үедээ зургаа авхуулахгүй. Харин баяр хөөртэй, найз нөхөдтэйгээ сэтгэл хөөрсөн үедээ зургаа авхуулдаг. Ийм үедээ зургаа авхуулж буй тэдгээр хүмүүсийн нүүрийн баясгалан, инээмсэглэл бүр нь зурганд хадгалагдан үлдэнэ. Тухайн зургаа хожим нас ахисан үедээ эргэн нэг харах сайхан даа. Энэ хамгийн сайхан дурсамж” хэмээсэн юм.

 

Талбайн зурагчдын авсан гэрэл зураг Монголын 21 аймаг төдийгүй таван тив, зургаан далайг гатлан бяцхан хүүгийн аавдаа, ээждээ явуулсан ил захидалд хавчуулагдан хил давсан даа...Тиймээс ч тэдний ажил надад ихэд сонирхолтой бас үнэ цэнэтэй санагддаг.

 

Туул голын бургасанд амьдарч байсан "махчин" хүүхдийн зургийг авч байлаа

 

Б.Тулгабат гуай зургийг нь авч өгсөн хүний тоог алджээ. Зураг авхуулсан хүмүүсээс сэтгэлд нь тод үлдсэн зарим дурсамжаа сонирхууллаа. “Нэг удаа өрөөсөн нүд нь хараагүй хүний зураг авч байлаа. Та тэр байшингийн дээвэр рүү хардаа гэж байгаад эгцэлж биш эрүүл нүдтэй талаас нь аваад зургийг нь харуултал “Ямар гоё гараа вэ” гээд их баярласан.

 

Бас нас барсан хүний зураг ч авч байлаа. Нэг удаа талбай дээр зогсож байтал танихгүй хүн ирээд тодорхой юм хэлэлгүй гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Зах зээлийн үед мөнгө олоход их хэцүү байлаа. Хүн ирээд зураг аваад өг гэх юм бол хаашаа ч байсан дагаад л явна. Залуу ч байж, гэмтлийн эмнэлэг рүү яваад очсон. Эмч нартай уулзаад цааш ортол эмнэлгийн том ширээн дээр цагаан даавуугаар бүтээсэн цогцос байсан. Хачин сэтгэгдэл төрж билээ. Ар гэрийнхнийх нь хүсэлтээр хүнд хутгалуулаад нас барсан хүний зургийг дөрвөн талаас нь авсан юм.

 

Бүр сонин түүх яривал 1990-ээд оны үед Туул голын бургасанд долоон отогт 30 гаруй хүн амьдарч байсныг анх би олж очин гэрэл зургийг нь авч “Хөдөлмөр” сонинд нийтлэн тухайн үедээ л шуугиан тарьж байлаа. Тэгтэл бусад хэвлэлийнхэн очно намайг газарчил гэдэг юм байна. Туулын бургас руу Улаанбаатарын сонин, телевиз, Улаанзагалмайн нийгэмлэгийнхэн гээд маш олон хүн очсон. Тэнд амьдарч буй хүмүүсийг тэгж анх нийгэмд танилцуулж байлаа.  Очлоо, ярилцлаа, хоол унд, хувцас хунар ч өглөө.

 

Тэдний нэг нь “Энд 13 настай махчин хүүхэд байгаа. Муур, нохой, хулгана алаад махыг нь түүхийгээр идчихдэг. Шөнө биднийг идчихэж магадгүй гэж айгаад бид бургасанд хүлчихсэн” гэхэд их гайхсан. Биднийг дагуулаад өнөөх охин дээр очтол  хөл гарыг нь хүлээд модноос уячихсан хав халтар нүүртэй, шав шар шүдтэй хүүхэд нохой мэт хэвтэж байсан. Түүхий мах өгтөл зулгааж идэж байснаа буцаад унтаад өгсөн. Дараа нь тэр хүүхдийг сэтгэцийн эмнэлгээс Мааньт руу хүргээд тэнд нас барсан гэсэн. Тийм л замбараагүй, хариуцлага, хайхрамж байхгүй байлаа шүү дээ. Зах зээл задрангуут ажилгүй, хоргодох байргүй болоод ирсэн хүмүүс л тэнд байж л дээ. Гэтэл өнөөдөр нийгэм шал өөр болсон” хэмээн итгэмээргүй сонин түүх ярив. Түүний эл яриаг сонссоны дараа дэндүү аз жаргалтай амьдарч буйгаа мэдрэх шиг болж билээ.

 

Хоцрогдохыг хүсээгүй тул NIKON аппараттай болсон

 

 

Олон жил багшилсан, гэрэл зураг авсан хөдөлмөр зүтгэлийг нь үнэлж тун саяхан Төр засгаас түүнийг Алтангадас одонгоор шагнажээ. Мөн хөдөлмөрийн хүндэт медаль, соёлын тэргүүний ажилтан, МЗЭ-ийн “Утга зохиолын төлөө” хүндэт тэмдгээр шагнуулж явсан цаг ч түүнд бий.

 

70 гарсан гэрэл зурагчин залуучуудаас хоцрохгүй, хөгширсөн гэж гологдохгүйн тул залуусын хандлага, сэтгэлгээг ч дагаж хальсан аппаратаа NIKON брэндийн сүүлийн үеийн чанар, нягтаршил сайтай аппаратаар сольжээ. “Аппаратаа улам чанаржуулахгүй бол гологдоно. Хүн харчихаад “Үхсэн хойноо ийм аппаратаар авхуулахгүй” гэнэ. Нийтдээ би зургаан аппарат сольсон” хэмээн учирласан юм.

 

16 наснаасаа л хүзүүнээсээ аппарат салгаагүй тэрээр гурван хүү, гурван бэрээ ч гэрэл зурагт “уруу татжээ”. Хүү, бэрүүд нь талбай дээр аавын хамт гэрэл зураг авдаг байсан ажлаа улам өргөжүүлж хөдөө, хээрээр явж хуримын зураг авч, захиалгаар хонхны баяр, баяр ёслолын гэрэл зураг авдаг болсон гэнэ. Харин аав нь зураг авхуулах хүн ховордсон ч төв талбайдаа “бууриа” сахиад үлджээ.

 

Талбайн голоор өдөржин холхих цэнхэр хантаазтангуудын ажил, амьдралтай танилцахад нэг ийм. Тэд олон хүний аз жаргалтай, баяр хөөртэй дурсамжийг мөнхөлж, гэрэл зурагт буулгасан. Гэрэл зургаар гэгээ тануулсан эгэл зурагчны амьдралын түүхийг уншигч танд хуваалцлаа.

 

Г.Тэгшсүрэн

Shuud.mn
Сонин хачин