Бороо ороосой
2019-04-26
Гэрэл зургийг MPA.mn

 

Бүүдгэр саарал өнгөтэй бодол хуйлруулсан энэ өдөр “бороо л ороосой” гэж хэн бүхэн хүсч байна. Манарсан шороон шуурганы араас асгартал бороо орох нь бий. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд шуурч, салхилах нь элбэг ч бороо ганц нэгхэн дуслаад өнгөрч “молиг өмхүүлж” буй тул бид өнөөдөр бороог “мөрөөдөж” сууна.

 

Ийм нэг уйтай хаврын урамгүй өдөр гэнэт бороо орвол гоё оо. Хэн нэгнийг “Бороонд хамт алхах уу” гэж болзоонд уриад хэдэн буудал газар хөтлөлцөн алхаж дурсамж үлдээгээд л...Утааны тортог суусан Улаанбаатар минь ч “усанд орж” өнгө нэмээд л буй бүхнээрээ сэтгэл татна даа.

 

Өнөөдөр л бороо ороосой. Удаан хүлээлгэсэн бороо удтал асгараасай.

 

Автобусны цонхоор бодол тэнүүлж, албаар нэг буудал хэтэрч буугаад буцаад гэр рүүгээ норж алхахсан...Сэтгэлээ сэргэтэл норон баахан даарч алхсаар гэртээ ороод халуун цай оочилж амьдралаас амт мэдрэхсэн.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
сайхан хэллээ
2019-04-26