АТГ-ын даргын томилгоо гараанаас гарах нь
2019-04-29

Хуульзүйн байнгын хорооны тавдугаар сарын нэгний лхагва гаригийн хуралдаанаар АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэхээр товложээ. Ерөнхийлөгч Х.Баттулгын 2018 оны 05 дугаар сарын 03-ны өдрөөс хойш хоёр ч удаа тавьсан санал одоо л УИХ-ын босгонд тулж ирлээ.

 

 

Төрийн тэргүүн анх 2018 оны 05 дугаар сарын 03-ны АТГ-ын дарга, дэд даргын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон учраас чөлөөлөх саналаа УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлж байв. Гэвч тухайн үеийн УИХ-ын дарга М.Энхболд “уг саналтай Хууль зүйн байнгын хороо танилцаад хуульд нийцэхгүй байна” гэсэн хариуг ирүүлсэн юм.

 

Үүний дараа Ерөнхийлөгч Х.Баттулга 2019 оны 03 дугаар сарын 06-ны өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт албан бичиг илгээж, УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад хуулийн байгууллагуудын удирдлагын томилгоог оруулах саналаа хүргүүлсэн. ЗХЖШ-ын дарга, Улсын ерөнхий прокурор, АТГ-ын дарга гэсэн албан тушаалтнуудыг өөрчилж, томилох саналаас АТГ-ын даргын албан тушаал тунаж үлдээд буй. Улсын ерөнхий прокурор, орлогч нарыг нь түвэггүйхэн чөлөөлж, орны хүнийг нь ч асуудалгүй томилсон. Мөн улс төрийн гацаанаас болж хойшлогдоод байсан ЗХЖШ-ын даргын томилгоо ч хялбархан шийдэгдсэн. Харин АТГ-ын удирдлагын томилгоо жил дамнан яригдаж, УИХ-ын энэ долоо хоногийн хэлэлцэх асуудалд багтжээ.

 

Ерөнхийлөгч Х.Баттулга АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын албан тушаалын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон гэх үндэслэлийг хэдэнтээ сануулж буй. Харин эл асуудалд УИХ хуульзүйн үндэслэлгүй хэмээн луу унжсаар он дамжуулсан. Харин одоо УИХ Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг чөлөөлөх үндэслэлээ олсон бололтой. Хэлэлцэх асуудлын жагсаалтад багтсан энэ томилгоо Ерөнхийлөгчийн хүслээр болох нь бараг тодорхой. Өөрөөр хэлбэл Х.Энхжаргал, Ц.Нямдорж нарыг огцруулах санал цаг хугацааны л асуудал боллоо.

 

Харин авлигатай тэмцэх байгууллагын дараагийн удирдлага хэн бэ? Төрийн тэргүүн хэн гэх эрхмээр энэ байгууллагыг удирдлуулах вэ гэсэн асуудал одоогоор асуулт хэвээр байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр хэд хэдэн эрхмийн нэр яригдаж буй. АТГ-ын даргад Хууль сахиулахын их сургуулийн Удирдлагын академийн захирал, тэргүүн дэд комиссар Ж.Ганбаатарыг томилох санал дээр талууд тохиролцсон гэх мэдээлэл бий. Харин дэд даргын томилгоонд санал зөрөлдсөн сураг бий. УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын зүгээс ЦЕГ-ын дэд дарга, хурандаа З.Дашдавааг санал болгож байгаа бол Ерөнхийлөгч ЦЕГ-ын тэргүүн дэд дарга байсан Ш.Ганболдыг АТГ-ын дэд даргаар томилох саналтай байгаа сураг бий.

 

Гэвч энэ мэдээлэл сураг хэвээр үлдэж, АТГ-ын даргаар З.Дашдаваа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томилохыг МАН-ын бүлгийн өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэж, дэмжлээ. 

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Гайхалзагч:
Энэ суудал зөөлөн биш юм бол Энэ хатуу суудал руу яагаад зүтгээд, зүтгүүлээд байдаг юм болоо. Их л НО байх шиг Гайхаад л байна.
2019-04-29