"Богд Жавзандамба хутагт" тусгай үзэсгэлэнг нээнэ
2019-04-30

­ ХХ зууны Монголын сэргэн мандалтын эхийг тавьсан Цагаагчин гахай жилийн Үндэсний эрх чөлөөний хувьсгалын удирдагч, Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний тэгш баясгалант 150 жилийн ой энэ онд тохиож байна.

 

 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагтын түмэн өлзий гийсний 150 жилийн ойг улс даяар тэмдэглэх ажлын хүрээнд “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээх юм.

 

Наймдугаар Богд гэгээн бол Их Хүрээний дэг дэглэмийг сайжруулахыг хичээн, жаяг дэглэм зохиож, Шадүвлин хийдийн жаягийг бичсэнээс гадна Өндөр гэгээн, Бурхан багш, Богд Зонхова, Өндөр Жанрайсиг тэргүүтэн бурхан шүтээн бүтээж, Шэйравпэлжэйлин ордон, Идгаачойнзинлин дацан, Дандарлингийн аймаг, Эх дагины аймаг, Чойжон сахиусны сүм тэргүүтнийг бүтээн Хүрээ барын Ганжуур, зэс барын Жадамба судрыг хэвлүүлэн тархааж, Цамын баг, Дүйнхорын лойлон тэргүүтнийг шинээр бүтээлгэж, түвэд хэлээр нэг сүмбүм ном туурвисан шашин номын их хутагттан билээ.

 

Мөн Наймдугаар Богд Жавзандамба хутагт нь нийт монголчуудын бурханы шашны тэргүүн, оройн чимэг охь манлай төдийгүй 1911-1915 онд Монгол Улсын Шашин төрийг хослон барьсан хаан, 1915-1920, 1921 оны 2 сараас 7 сард Автономит Гадаад Монгол Улсын хаан, 1921 оны 7 сараас 1924 оны 5 сард Монгол Улсын Хэмжээт цаазат хаанд өргөмжлөгдсөн төрийн тэргүүн байлаа.

 

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын амьдрал, үйлс нь Монголын үндэсний тусгаар тогтнолыг сэргээн бататгаж, олон улсаар хүлээн зөвшөөрүүлэх, Шарын шашныг цэвэр ариунаар мандуулан, монголчуудын оюун санааг хиргүй тунгалаг байлгахад зориулагдсан юм.

 

Наймдугаар Богд Жавзандамба хутагтын үлдээсэн өв цаглашгүй арвин билээ. “Монгол Улсын хаан Наймдугаар Богд Жавзандамба хутагт” сэдэвт үзэсгэлэнд Жибзундамба хутагтын эдлэл хэрэглэл, намтар цадиг, бүтээл туурвилийн сүмбүм, Наймдугаар Богд Жавзандамба хутагтын шашин ном, төр ёсны үйлд холбогдох айлтгал, зарлиг лүндэн, захидал, харилцсан бичиг зэрэг баримт бичгүүд, гэгээн лагшинг нь сүүдэрлэсэн гэрэл зургуудын ховор нандин цуглуулгаас бүрдсэн түүхийн нэн үнэ цэнэтэй, ховор чухаг нийт 60 гаруй үзмэрийг дээжлэн тавьсан болно.

 

Үзэсгэлэнгийн нээлт:

 

Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд

 

2019 оны 05 дугаар сарын 01-ны өдрийн 11:40-д болно.

Shuud.mn
Сонин хачин