“Үхмэл” хэвээр үлдэх 1072
2019-04-30

Эрдэнэс Тавантолгой компани вэб сайтаараа санал асуулга явуулжээ. 4000 гаруй иргэн оролцсон тус санал асуулгад оролцогчдын 68 хувь нь 1072 хувьцааны ногдол ашиг авахгүй гэжээ. Өөрөөр хэлбэл ногдол ашиг тараах бус дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийх нь зөв гэсэн хариултыг өгчээ. Энэ 68 хувийг үндэслээд Эрдэнэс Тавантолгой компанийн ТУЗ 2018 оны цэвэр ашгаас ногдол ашиг тараахгүй гэсэн шийдвэр гаргасан гэнэ.

 

 

Албан тушаалтнуудын үгийг эргэн саная.

 

2018 оны 09 дүгээр сар. Эрдэнэс Тавантолгой компанийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг:

Хариуцлагатайгаар хэлье, 2018 оны жилийн эцсийн гүйцэтгэлийн үр дүнгээр бид 1072 хувьцааг “амь” оруулна. Иргэн бүртээ ногдол ашиг тараана. 

 

2019 оны 01 дүгээр сар. Ерөнхий сайд У.Хүрэлсүх:

Төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” компанийн ногдол ашгийг нэгдүгээр улиралд багтаан олго. Монгол хүн баялгийнхаа эзэн байх зорилт, бодлогоо хэрэгжүүлэх хамгийн том алхам нь энэ байх юм. Энэ ажлыг хууль, тогтоомжийн хүрээнд сайн зохион байгуулах хэрэгтэй.

 

Тэгвэл эргээд асууя. Эрдэнэс Тавантолгой компанийн удирдлага Б.Ганхуягийн хариуцлагатайгаар хэлсэн үг яасан вэ? Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн өгсөн үүрэг хаачсан бэ? Хэдийг хүртэл 1072 хувьцаа “үхмэл” хэвээр үлдэх вэ?

 

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн ТУЗ-өөс нэг хувьцааг 25 төгрөгөөр үнэлсэн мэдээлэл бий. 1072 хувьцаа бүтнээрээ байгаа иргэн шимтгэл, хураамж хассанаар гар дээрээ 19 мянган төгрөг авна. Үнэндээ иргэд энэ мөнгөтэй ч үүр цайлгана, үүнийг аваагүй ч үүр цайлгана. Боловсролдоо, эрүүл мэнддээ, үр хүүхдэдээ хөрөнгө оруулалт хийх хэмжээний мөнгө биш. Тэгэхээр ногдол ашиг авах, авахгүйд гол асуудал оршихгүй. Гагцхүү төр, төрийн өмчит компани иргэдийг хэдий болтол хуурах вэ? Төрийн эрх мэдэлтнүүд гаргасан шийдвэр, хэлсэн үгэндээ яагаад хүрдэггүй юм бэ.

 

1072 хувьцааны ногдол ашигт тараах мөнгөөр Эрдэнэс Тавантолгой ХК бүтээн байгуулалт хийж, дэд бүтцээ сайжруулах гэнэ. Төрийн хэдэн тэрбум төгрөгийг ухсан нүх, овоолсон шороо болгож чаддаг эрх мэдэлтнүүд иргэдээс харамласан 20 “цаас”-ыг бүтээн байгуулалт болгох болтугай. Буруу замаар будаа тээж буцахдаа шороо ачсан түүхийн зовлонг Гашуунсухайтыг чиглэсэн нүүрс тээврийн зам хангалттай харуулж байгаа. Хэдэн зуун км урт түгжрэл үүсч, хэдэн арван хүн тэр зам дээр  амиа алдаж, өчнөөн олон хүн эрүүл мэндээрээ хохирсон зовлонг ногдол ашиг хагаслаасай даа.

 

Ямартай ч домог болтлоо яригдсан ногдол ашиг энэ жилдээ мөн л замхарч, 1072 хувьцаа үхмэл хэвээр үлдэх нь тодорхой боллоо. Эрдэнэс Тавантолгойн захирал Б.Ганхуягийн үг, Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн үүрэг даалгавар ч хамт замхарлаа. 

 

Эрх баригч МАН сонгуулийн хөзөр болгон ашиглаж, гэнэтийн шийдвэр гаргадаггүй л юм эс бол энэ тухай дахиж ярих шаардлагагүй болсныг энд дуулгая.

 

М.Болд

Shuud.mn
Сонин хачин
Болдбаатар:
Ам алдвал барьж болдоггүй гэж үгийг Ганхуяг Хүрэлсүх хоёр мэдтүгэй
2019-04-30