С.Чинзориг: Эхчүүд жирэмсний тэтгэмжээ цалингаасаа 100 хувь авдаг болно
2019-04-30

Х.Баттулга: Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг

 

13:30 цаг:

ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдрийн хүрээнд “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт боллоо. Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг дэлхийн өдөр тохиож байгаатай холбогдуулан өнөөдөр Сүхбаатар талбайд “Хүүхэд хамгаалагч” төсөл, “Зөв тусгал” хөдөлгөөний нээлт боллоо.

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга:

 

-Хүний эрх, эрх чөлөөг дээдлэх нь ардчилсан нийгмийн хөгжлийн тулгуур, эрх зүйт төрийн үндсэн үүрэг билээ. Улсын үндэс, үндэстний ирээдүй болсон гэр бүл, хүүхдийг эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөл боломжийг хангахад бүхний анхаарлыг хандуулах, төрийн бодлогыг чиглүүлэхээр Та бид энд хуран цуглаад байна.

 

Монгол Улс хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгэмд ирээдүй хойч үеэ итгэл үнэмшилтэй, бие даан амьдрах чадвартай, нийгмийн хариуцлагатай, өөрийн гэсэн үзэл бодолтой иргэн болгон төлөвшүүлэх нөхцөлийг хангахад хүүхдийн эрх, эрх чөлөөг хүндэтгэх, эрсдэлт нөхцөл байдлаас ангид байлгах, хамгаалахад чиглэсэн олон талт үйл ажиллагаа хэрэгжүүлэх шаардлагатай байгаа юм.

 

Улсын  хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар хүүхэд оролцсон 2833 гэмт хэрэг гарч, 4922 гэмт хэргийн улмаас хүүхэд хохирсон байна. Нийслэл хотын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын 251 сургуулиас 26 сургууль 3 ээлжээр хичээллэж байгаа нь сургуулийн ачааллыг хэт ихэсгэж, хүүхдүүд шөнө оройн цагаар хичээлээ тарж, сургууль гэрийн хооронд ирж буцах замдаа гэмт халдлагад өртөн хохирох тохиолдол өсөн нэмэгдэх хандлагатай байна.

 

Иймд хүүхэд хамгааллын чиглэлээр эцэг, эхчүүд, насанд хүрсэн иргэн бүрийн сайн дурын үндсэн дээр бүлгэм, нөхөрлөл байгуулж, тэдний оролцоонд түшиглэн  хүүхдийг олон нийтийн газар гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирч болзошгүй эмзэг цэгүүдэд хүүхдийг аюулгүй зорчуулахад насанд хүрсэн иргэдийн сайн дурын эргүүлийн үүрэг гүйцэтгэх “Хүүхэд хамгаалагч” төслийг энэ онд туршилтаар хэрэгжүүлэхэд бэлэн болоод байна. Хүүхэд хамгааллын чиглэлээр үр дүнтэй ажиллаж байгаа иргэний нийгмийн болоод олон улсын байгууллагуудыг Засгийн газрын зүгээс дэмжиж ажиллаж байгаа нь сайшаалтай.

 

Миний бие зарлиг гаргаж, 2019-2020 оныг “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил” болгон зарласан билээ. Энэ зарлигаар хүүхдийн эсрэг үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийг оролцоог нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг үр дүнтэй зохион байгуулж ажиллах, хууль, хөтөлбөрийн хэрэгжилт, уялдаа холбоог хангах, хүүхдээ эерэг аргаар хүмүүжүүлэх, ёс суртахуун, эх оронч үзлийг төлөвшүүлэх соён гэгээрүүлэх ажил, эрүүл мэндийн үйлчилгээ болон хүүхдэд зориулсан бүтээгдэхүүн үйлдвэрлэл, хөтөлбөр контентын агуулга, чанар, хүртээмжийг сайжруулахыг Засгийн газарт чиглэл болгосон байгаа юм.

 

Хүүхдээ хамгаалж, эрүүл, аюулгүй орчинд өсгөж, сурган хүмүүжүүлж боловсруулах нь хүн бүрийн, юуны өмнө эцэг эхийн үүрэг гэдгийг хэн бүхэн мартаж болохгүй билээ. “Хүүхдийн хөгжил, хамгааллын жил”-ийн хүрээнд хүүхдийн эрхийг хүндэтгэх, эрсдэлтэй нөхцөлд амьдарч байгаа хүүхдэд туслах, хүүхдийн эрх зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах чиглэлд идэвх санаачилга гаргаж ажиллахыг ард иргэд, иргэний нийгмийн байгууллагуудад уриалж  байна.

 

Олон удаагийн уулзалт, хэлэлцүүлгийн дүнд хүүхэд хамгаалалд зориулсан төсөв  нэмэгдэж байгаа ч өмнөх жилүүдийн адилаар хүүхэд хамгааллын мөнгийг ширээ сандал, тавилга худалдаж авах үйл ажиллагааны зардал болгохгүй байх ёстой. Энэ бүхний үр дүнд өнгөрсөн жилийнх шиг чих халууцуулж, сэтгэл өвтгөсөн тоо баримтууд буурах ёстой гэж үзэж байна.

 

Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах, тэднийг элдэв дарамтаас ангид байлгах нь иргэн бүрийн үүрэг хэмээн үзэж, хүн бүр энэ эрхэм үйлсэд нэгдэн эрүүл аюулгүй, амар тайван амьдралын төлөө хичээн зүтгэцгэе.

 

Мөнх тэнгэрийн ивээлээр Монголын үрс амар амгалан аж төрөх, сурч боловсрох, хөгжин дээдлэх үндэс бэхжих болтугай хэмээлээ. 

 

Энэ арга хэмжээнд УИХ-ын гишүүн Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Оюунхорол оролцож үг хэлсэн юм. 

 

С.Чинзориг: Тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүү бууруулах олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ

 

11:30 цаг:

ХНХЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг Сүхбаатарын талбайд болж байна. Олон улсын хөдөлмөрийн байгууллага байгуулагдсаны 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал эрхэлсэн байгууллага байгуулагдсаны 60 жилийн ой тохиож байгаа юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийг нээж ХНХ-ын сайд С.Чинзориг:

 

-Засгийн газраас хөдөлмөр, нийгмийн хамгааллын чиглэлээр дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийн төлөө ХНХЯ хичээн чармайн ажиллаж байна. Төсөв, санхүүгийн байдал нэг үеэ бодвол дээрдэж байна. Улсын төсвийн орлого анх удаа 10 их наяд төгрөг давж, эдийн засаг нэмэгдсэн эерэг үзүүлэлт байгаа. Гэхдээ улсын төсөв, санхүү эмзэг хэвээр байгаа. Хэдийгээр төсөв, санхүү амаргүй байгаа ч дэвшүүлсэн зорилтуудаа хэрэгжүүлэхийн төлөө Засгийн газар ажиллаж байна. Засгийн газраас эдийн засгийн өсөлт гарч байгаа бол иргэн бүр үр шимийг тэгш хүртэх ёстой гэсэн бодлого барьж байна.

 

2016 оноос нэмэгдээгүй байсан цалин, тэтгэврийг нэмлээ. Төрийн албан хаагчдын цалин 2016 оныхоос 27 хувиар нэмэгдлээ. Засгийн газраас тэтгэвэр, тэтгэмжийг инфляцийн түвшинтэй уялдуулан нэмэгдүүлж байна. Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийг үе шаттай бууруулж байна. Ахмадуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн хүүг үе шаттай бууруулж байна. 2017 онд  тэтгэвэр барьцаалсан зээл 6 сарын хугацаатай зээлийн хүү 13 хувтай байсан бол энэ оноос эхлээд тэтгэврийн зээл нэг жилийн хүүтэй, 10 хувийн хүүтэй болгож бууруулсан. Цаашдаа тэтгэвэр нэмэгдүүлэх, зээлийн хүү бууруулах олон талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. 

 

Олон хүүхэд төрүүлж өсгөсөөн ээжүүдийн нийгмийн хамгааллыг сайжруулах талаар олон  талын арга хэмжээ авч хэрэгжүүлнэ. Олон хүүхэд төрүүлсэн ээж ажилласан жил нь тасардаг, орлого олох боломжоо алддаг гээд хүндрэл бэрхшээлтэй тулгардаг.  2018  оноос эхлээд 0-3 хүртэлх насны хүүхдээ харж өсгөж байгаа ээжид сар тутам мөнгөн тэтгэмж олгодог болсон. Ирэх жилээс  ээжүүдийг төрүүлж өгсөн хүүхдийн нь тоогоор ажилласан жилийг 1.5 жилээр нэмэгдүүлэх, эх хүн даатгагдсан хэлбэрээр үл хамаарч жирэмсний болон амралтын тэтгэмжээ цалингаасаа 100 хувь авдаг байх хуулийг ирэх оноос хэрэгжүүлнэ.

 

Ажилгүйдлийг бууруулах нь бидний нэн тэргүүний зорилт. Нэг үеэ бодвол ажилгүйдэл буурч байна. МСҮТ-д суралцаж байгаа залууст нас харгалзахгүй сар тутам 100 мянган төгрөгийн тэтгэмж олгож байна. Гадаадаас авах ажиллах хүчний тоог өнгөрсөн жил 20 хувь бууруулсан. Цаашдаа 100 хувь бууруулж, монгол залуусаа ажиллуулах боломж бүрдүүлнэ. Мөн залуусаа гадаадад ажиллах боломжийг бий болгоно. Японд хөдөлмөрийн гэрээгээр ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан.

 

Хөдөлмөр нийгмийн хамгааллын салбар гэдэг бол ядарсан иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлж байгаа үйлчилгээний байгууллага. Энэ салбарт бусдын төлөө өөрийгөө зориулъя гэсэн сэтгэлтэй хүн ажилладаг. Та бүхэн өөрт хэрэгтэй байгаа асуудлаараа зөвлөгөө авч, үйлчлүүлэхийг хүсэж байна хэмээн онцлов. 

 

ХХҮЕГ, Гэр бүл, халамжийн газар, Хөдөлмөр нийгмийн хамгааллын институти, мэргэжлийн боловсролын сургалтын байгууллгууд, ажил олгогч байгууллагууд оролцож байна. Иргэдэд зөвлөгөө өгч, нийгмийн даатгал, тэтгэврийн чиглэлээр үйлчилгээ өгч, үзлэг, оношлогоо хийж үйлчлэх юм. 

Н.Энх

 

Shuud.mn
Сонин хачин