НҮБ-ын тэргүүн уйгарчуудтай бүдүүлэг харьцахгүй байхыг санууллаа
2019-04-30

НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш өчигдөр БНХАУ-ын эрх баригчдад хандан мэдэгдэл хийсэн талаар "Ройтерс" агентлаг уламжлав. Тэрбээр Бээжингийн эрх баригчдад хандан "БНХАУ-ын шашны цөөнх гэгддэг Уйгар үндэстэнтэй харьцахдаа анхаарал болгоомжтой байх"-ыг уриалсан байна. НҮБ-ын тэргүүн Бээжин хотноо зохион байгуулагдан "БҮС ба ЗАМ" дээд хэмжээний форум уулзалтын үеэр ийнхүү мэдэгджээ. 

 

 

Антонио Гутерреш энэхүү нэр хүндтэй албыг аваад жил орчмын дараа анх удаа Уйгар үндэстний талаар ам нээж буй нь энэ юм. 

 

БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Гутерреш нар өчигдөр уулзсан аж. Уг уулзалтаар тэд уйгарчуудын талаар ярилцсан хэмээн эх сурвалжууд өгүүлсээр байна. Энэ талаар НҮБ-ын хэвлэлийн төлөөлөгч Стефан Жаррик "Уйгарчуудын талаар санал солилцсон нь үнэн" гэж мэдэгджээ. 

 

Бээжин 2013 оноос уйгарчуудыг цагдан хорих, "ДНК"-ийг авах, хувийн мэдээллийг нь архивжуулах зэрэг хүний эрхэнд халдсан ноцтой үйлдлүүд байнга гаргах болсон юм. Уйгар эрчүүд сахлаа ургуулах, эмэгтэйчүүд нь гивлүүр зүүх эрхгүй болсон.

 

"Мөн өнгөрөгч онд сая гаруй уйгарчуудыг шалтгаангүйгээр баривчлан, тамлан зовоосон" гэж Хүний эрхийн байгууллагууд мэдээлсэн ч Бээжин эрс үгүйсгээр байна.

 

Исламын шашин шүтдэг уйгарчуудыг бослого эсвэл террорист халдлага үйлдэх өндөр эрсдэлтэй хэмээн Бээжин үзэж, хатуу бодлогоор барих нь бий.


Уйгарчуудын эрхийг хязгаарлаж буйд Туркийн эрх баригчид дургүйцлээ илэрхийлж, Бээжинг хууль бус үйлдлээ нэн даруй зогсоохыг шаардаад байгаа. 

 

Б.Дэлгэрцэцэг 

Shuud.mn
Сонин хачин